ЗАВХАН: Түймрийн аюулаас 1 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-15 16:42:30

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймагт энэ онд ой хээрийн түймрийн дуудлага 3 удаа, объектын гал түймрийн 32 дуудлага ирсэн байна. Онцгой байдлын алба хаагчид нийт 1 тэрбум 388 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.


Аравдугаар сард хур тунадас бага орж, салхи шуурга ихтэй өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх гол нөхцөлийг бий болгож байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.


Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо чүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтраах. Болзошгүй ой, хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.


Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангахаас гадна бага насны хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх. Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ