БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 14 хоногийн дотор зарлан хуралдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-16 12:13:38

Өлгий, 2024 оны аравдугаар 16 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Серикболат энэ сарын 11-ний өдөр болсон аймгийн ИТХ-ын сонгуулийн дүн буюу “Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тухай” шийдвэрийг аймгийн ИТХ-д өнөөдөр өргөн мэдүүллээ.  


Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд 69379 сонгогч саналаа өгөх ёстойгоос 48772 иргэн сонгуульд оролцож, 76.3 хувийн ирцтэйгээр санал хураах ажиллагаа өндөрлөлөө. Мөн аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө Монгол Ардын намаас 41, Ардчилсан намаас 41,  Иргэний Зориг Ногоон намаас 8, бие даагч 5,  нийт 95 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөнөөс Ардчилсан нам 23, Монгол ардын нам 18 суудал авсан билээ.


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах зохицуулалттай. 

Холбоотой мэдээ