Орос, Монгол, Хятадын Ерөнхий сайд нарын хэлэлцээ Пакистанд эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-10-16 12:52:04

ИСЛАМАБАД, 2024 оны аравдугаар сарын 16 /TASS/. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Пакистанд хийж буй ажлын айлчлалаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нартай уулзсанаар эхлүүллээ. 


Орос, Монгол, Хятадын гурван талын хэлэлцээг Засгийн газрын тэргүүн нарын түвшинд анх удаа хийж байгаа нь энэ юм. 


2014 оны есдүгээр сарын 11-нд Душанбе хотноо болсон ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын үеэр Монголын талын санаачилгаар Орос, Монгол, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын гурван талт анхдугаар уулзалтыг хийснээр гурван талт хэлбэрээр хийж буй хамтын ажиллагаа эхэлсэн юм. Тухайн үед удидагчид дээд түвшний уулзалтуудыг тогтмол зохион байгуулахаар тохиролцсон билээ. Одоогоор “гурвал”-ыг Хятадын тал даргалж байна.


Хэлэлцээрт Оросын талаас Мишустинаас гадна, шадар сайд Алексей Оверчук, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Эльмир Тагиров, Эрчим хүчний сайд Сергей Цивилев, Байгалийн нөөцийн сайд Александр Козлов Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Сангийн дэд сайд Иван Чебесков нар оролцож байна. 


ОХУ-ын Засгийн газрын тэргүүн 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Пакистанд ажиллаж байна. Тэрбээр лхагва гарагт буюу өнөөдөр Исламабад хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоно. Хуралдаанд мөн Беларусь, Казахстан, Хятад, Киргиз, Пакистан, Тажикистан, Узбекистан улсуудын Ерөнхий сайд нар, Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч, Энэтхэгийн дээд түвшний төлөөлөгч нар оролцох төлөвтэй байна. Оролцогчид ШХАБ-ын Худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тэргүүлэх ач холбогдол бүхий зорилтуудыг хэлэлцэнэ.


Холбоотой мэдээ