ЗАВХАН: Өнөөдөр нуруугаа хайрлан хамгаалах мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх өдөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-16 17:42:12

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрийг "Дэлхийн нурууны өдөр" болгон тэмдэглэдэг.  Дэлхий нийтээр энэ өдрийг нуруугаа хайрлан хамгаалах, нурууны аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулатороор өдөрт үзүүлж байгаа иргэдийн 30-40 хувь нь нурууны архаг хууч өвчтэй гэсэн оноштой үзүүлж зөвлөгөө авдаг байна. Нурууны өвчлөл, түүнээс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөөг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн мэдрэлийн их эмч Ч.Даваажаргалаас асууж тодрууллаа.


-Нурууны өвчлөл их байна гэж эмч мэргэжилтнүүд ярьж байна?

-Тийм ээ. Нурууны өвчлөл их бий. Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн 60 орчим хувь нь толгой, нуруу өвддөг гэсэн оноштой, ялангуяа нурууны архаг өвчлөлттэй иргэд хэвтэн эмчлүүлдэг. Нурууны өвчлөлийг тоохгүй орхиж болохгүй юм. Нурууны өвдөлт нь яс-булчингийн тогтолцооны системд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгүүдийн нэг юм. Хэрвээ хүндэрвэл хөгжлийн бэрхшээлтэй болох ч эрсдэл бий. 


-Нурууны өвдөлт юунаас шалтгаалдаг юм бэ?

-Хүн амын 84 хувь нь амьдралынхаа тодорхой хугацаанд бүсэлхий нурууны өвдөлтөөр өвддөг гэсэн судалгаа байдаг. Нуруу өвдөхөд эрсдэл учруулдаг шалтгаанууд олон бий. Хөдөлгөөний дутагдалтай амьдралын хэв маяг, хэт таргалалт, тамхи, холын зайнд жолоо барих. Байрлалаа өөрчлөхгүйгээр удаан хугацаагаар зогсоо эсвэл суугаа байх. Чичиргээтэй багажтай ажиллах, жирэмслэлт, сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал гэх зэрэг сэтгэлзүйн хүчин зүйлүүд ч нурууны өвчлөлд нөлөөлнө.

Нурууны өвдөлт нь механик ба механик бус шалтгаантай байхаас гадна нурууны бус дотор эрхтний гаралтай (хоол боловсруулах эрхтнүүдийн эмгэгүүд, бөөр шээсний замын эмгэгүүд, бага аарцгийн хөндийн эмгэгүүд) бас байж болно.

Нурууны нугаламд остеофит (яс) ургах, холбоос эдийн уян хатан байдал алдагдах, диск болон нугалам хооронд байх үеүдэд өөрчлөлт орох, төрөлхийн нурууны нугалмын мурийлттай байх. Булчин чангарах зэргээс гадна халдвар, хавдар болон үрэвслийн шалтгаантай нуруу өвдөж болдог.


-Нурууны өвдөлтөөс сэргийлж болох уу?

-Болно. Нурууны ачааллыг багасгахын тулд амьдрах орчин болон өдөрт давтан хийдэг үйлдлүүд дээрх анхаарах зүйлүүд байдаг. Аль болох цэх зогсож цэх алхах. Удаан зогсоогоороо байхгүй байх. Заавал зогсох шаардлагатай бол хоёр хөлөө ээлжлэн арай өндөрт байрлуулах. Сандал дээр суухдаа суудалдаа хойшоогоо бүрэн налж цэх суух. Нурууны ард жижиг зөөлөвч хийн нурууг дэмжих. Ойролцоогоор 45 минут суусны дараа суудлаасаа босож 5 минут хөдөлгөөнтэй байх. Хэвтэхдээ эхлээд орон дээрээ суун хажуу талаараа хэвтээд дараа нь дээшээ харан хэвтэх. Орноосоо босохдоо энэ үйлдлүүдийг эсрэгээр хийх. Гутал өмсөх болон үдээс үдэхдээ хөлөө өндөрт тавих. Хүнд зүйл өргөхдөө нэг өвдгөө нугалан доош суугаад биедээ ойрхон барьж өргөх гээд өдөр тутамдаа хийдэг үйлдлүүд дээрээ анхаарах нь чухал юм.


Тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн нуруу өвдөх магадлал нь хийдэггүй хүмүүсээс 10 дахин бага байдаг. Алхах, сэлэх болон аэробик дасгалууд нурууны өвдөлтийг мөн түүнээс шалтгаантай хөдөлгөөний бэрхшээлийг багасгахад сайнаар нөлөөлдөг.


Хэрвээ нуруу аль хэдийн өвдсөн бол шалтгааныг мэргэжлийн эмчээр тодорхойлуулсны дараа тохирох дасгал хөдөлгөөнийг хийх нь зөв юм. Эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлснөөр бүсэлхий нуруу ба аарцаг ясны хугарал, нурууны остеохондроз, дорсопати болон нурууны бусад тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Хэрэв нуруу өвдөх нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжлэх, өвдөлт хөл рүү дамжих ба даамжрах хандлагатай бол нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр CT, MRI шинжилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Оношлогоо болон эмчилгээг зөв хийхгүйгээр дур мэдэж нурууны өвчнөө эмчлэх, буруу эмчилгээ хийх нь насан туршдаа гэмшээд барахгүй хохирол дагуулж мэднэ.

-Дараа нь яах вэ?
-Нурууны хурц, архаг өвдөлтийн аль ч үед эмийн эмчилгээ болон уламжлалт эмчилгээ, сэргээн засах физик эмчилгээнүүдийг заавал хийлгэх ёстой. Тухайлбал, уламжлалт эмчилгээнд массаж, бумба шивүүр, зүү төөнө, цахилгаан зүү эмчилгээ, сэргээн засах эмчилгээний халуун хүйтэн жин, нам давтамжит цахилгаан гүйдэл болон гэрлийн эмчилгээ, булчин шөрмөс үе мөчний өвдөлт үрэвсэл намдаах наалт зэргийн эмчилгээг үр дүнтэй хийлгэхээс гадна дэглэм эмчилгээг өөрөө сайн сахиж биелүүлэх шаардлагатай байдаг.
Үүнд удаан хугацаагаар үргэлжлүүлэн суухгүй байх, явган алхах, амрах нь тохиромжтой. Мэдээж нуруунд тохирсон сунгалтын болон хөдөлгөөний дасгал хийх нь хамгийн оновчтой арга. Хатуу орон дээр унтах, гэрийн нөхцөлд халуун, хүйтэн жингээ үргэлжлүүлэн хийх нь эмчилгээний үр дүнд шууд нөлөө үзүүлдэг. Нугас мэдрэл үрэвсэж өвдсөнөөс болж хөлийн булчин саажих, тавхай унжих, давсаг шээсээ барихгүй болох. Өтгөнөө өөрийн мэдээгүй гаргах гэх мэт удаан чанартай өрөвсөлд шилжэх аюултай. Нэгэнт архаг өвчин болсон тохиолдолд өмнөхөөсөө илүү цаг хугацаа зарцуулж, тэр хэрээр мөнгө зарцуулах болдог гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.


-Өнөөдөр дэлхийн нурууны өдөр юм байна?

-Тиймээ. Энэ өдөр нуруугаа хайрлан хамгаалах, нурууны аливаа өвчлөл, нуруутай холбоотой хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх талаар өөрийнхөө мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх өдөр юм. Тиймээс нуруугаа эрүүл, хүчтэй байлгах аргыг зөвлөе. Нэгдүгээрт дасгал хийх, алхах, усанд сэлэх. Хоёрдугаарт жингээ хэвийн хэмжээнд байлгах. Гуравдугаар тамхинаас татгалзах зэрэг дадлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь зүйтэй гэж зөвлөж байна.

-Танд баярлалаа. 


Холбоотой мэдээ