Ц.Ариунзаяа ДАШТ-д гурав дахиа түрүүлж, эрэгтэйчүүд багаараа аваргын цом өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-16 17:04:40

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Францын нийслэл Парис хотод болж буй үсчин гоо засалчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголчууд амжилттай оролцож байна.


Тус тэмцээнд Монголын эрэгтэй баг анх удаа аваргын цом өргөсөн бол Дэлхийн хошой аварга Ц.Ариунзаяа гурав дахь удаагаа дэлхийн аварга хэмээх алдрын эзэн боллоо. Эрэгтэй үсчин, гоо засалчдын ангилалд 50 гаруй орны 1000 орчим үсчин оролцсон бөгөөд манай залуус техникийн төрөлд багаараа түрүүлж, цом өргөсөн байна.


Тэгвэл дэлхийн хошой аварга артист Ари буюу Ц.Ариунзаяа алтан цомоос гадна хүрэл медалиар энгэрээ мялааж, дэлхийд гурав дахиа түрүүлэн төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандууллаа. Тэрбээр хуримын болон креатив нүүр будалтаар дэлхий дахинд чадвараа гайхуулсаар байгаа нь энэ.


78 жилийн түүхтэй Гоо сайхны олимп гэгдэх энэхүү тэмцээнд 50 гаруй орны 2000 орчим оролцогч оролцжээ.




Холбоотой мэдээ