Бичил уурхайн тооллого явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-17 19:22:44

Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс Үндэсний Статистикийн Хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн судалгаа авах, тооллого хийх ажлыг ойрын үед зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Энэ хүрээнд бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй нэгжүүдийн хамрах хүрээг тогтоох, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь тодорхойлох, ДНБ-ний тооцоонд тусгах, тэдний өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлон бодлого боловсруулагчдыг мэдээллээр хангах, өмнөх судалгааны мэдээллийг шинэчлэн, харьцуулалт хийх, шаардлагатай нэмэлт үзүүлэлтийг бий болгох зорилгоор явуулах ажээ. Бичил уурхайн үйл ажиллагаанд шууд болон шууд бус байдлаар оролцдог бүртгэгдсэн, бүртгэгдээгүй нөхөрлөл, хоршоо, баяжуулах үйлдвэр, тээрмийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж, хувиараа ашигт малтмал олборлогч иргэнийг хамруулах юм байна.

Говь-Алтай аймгийн тухайд эхний ээлжинд Есөнбулаг, Тайшир, Бигэр,Тонхил гэсэн 4 сумын 11 орд газрыг тооллогод хамруулахаар сумдад ажлын хэсэг байгуулжээ. Тэд сум, хороо, орд газар болон өрхүүдэд очиж бичил уурхай эрхлэгчидтэй биечлэн уулзаж, асуулгыг нөхөн бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа цэгийг газрын зурагт тэмдэглэх журмаар тооллого хийх ажээ.

                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ