ЗАВХАН: Тусгай хэрэгцээтэй иргэдийн төвтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-18 16:11:02

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 2025 онд тусгай хэрэгцээтэй хүний хөгжлийн төвийн барилгыг барихаар төлөвлөжээ.


Завхан аймагт Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам болон Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжиж байгаа.


Энэ төслийн хүрээнд оролцогч талуудын хэлэлцүүлэг, уулзалтыг Улиастайд зохион байгуулж төслийн барилгын инженер Д.Ариунгэрэл, төслийн байгаль орчны зөвлөх Ц.Батцэрэн нар ирж ажилласан. Уулзалт хэлэлцүүлгээр барилгын танилцуулга, барилга барих төслийн талбайг хэрхэн сонгосон.


Төслийн үе шат, арга хэмжээний жагсаалт, барилгын ажлын төлөвлөгөө, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай, барилга баригдахтай холбоотойгоор болзошгүй нөлөөллийн талаарх санал, шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэж санал солилцсон юм. Ирэх онд барилгын ажил эхлэх юм гэж Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв.


Завхан аймаг 73355 хүн амтайгаас 3.9 хувь буюу, 2896 нь тусгай хэрэгцээт иргэн байна. Энэ тоо жил ирэх тусам байнгын өсөх хандлагатай байдаг.


Аливаа төрлийн осол гэмтлээс үүдэн “олдмол” байдлаар болон жирэмсэн эхийн амьдралын буруу зан үйл, удамшлын хүчин зүйлээс шалтгаалан “төрөлхийн” тусгай хэрэгцээтэй болж байгаа эдгээр хүмүүсийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж урьдчилан сэргийлж болох хүчин зүйлсэд онцгой анхаарч ажилласан тухайгаа аймгийн ХХҮГ-аас мэдээлэв. 


Нэгэнт тусгай хэрэгцээтэй төрсөн иргэдийн хувьд ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхалд өртөлгүйгээр бусадтай адил нийгмийн амьдралд оролцож бие даан амьдрахад нь шаардлагатай боломж нөхцөлийг бүрдүүлэх, хууль эрх зүй, дэд бүтэц, нийгмийн харилцаа хандлага гээд олон зүйлийг өөрчилж, шинэчлэх, засаж залруулах талаар 24 сумын мэргэжилтнүүдэд өнгөрсөн жил цуврал сургалтуудыг зохион байгуулжээ.


Мөн бусад төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн ажилтнуудтай нягт хамтран ажиллажээ. Нийгмийн халамжийн сангаас 2024 онд тусгай хэрэгцээтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт тусламжийг илүү тэгш, хүртээмжтэй хүргэхийг зорьсон байна.


Талуудын уулзалт хэлэлцүүлэг 

Холбоотой мэдээ