Өрнийн Сэлэнгэ нутгаас Өвөр монгол орон хүртэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-17 23:36:20

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын ЕББДС-ийн багш Ж.Гэрэлмаа миний аян замын бяцхан тэмдэглэлээр минь хамт аялна уу?

Наран ээсэн налгар намрын сайхан өглөө аяны цүнхэндээ хэдэн хувцасаа хийж аваад алсын аянд жолоо заллаа. Миний оршин суугаа Хөтөл хотын орчимд намрын их ажил өрнөж, трактор, комбайны дуу чихнээ дуурсан эх орны эрдэнэт хөрсөнд ургаж төлжсөн алтан тариа ая дуунд мөнхөрсөн “Сэлэнгийн буудай”--гаа тээсэн машины цуваа тасралтгүй хөврөх өгөөжтэй буянтай Сэлэнгийн шаргал намрын өдрүүдэд цэмцгэрхэн хот маань үйлдвэрийнхээ нүргээний  бүүвэйлэгдэх мэт  амгалан тайван амирлана.

Ийм амгалан хот, ажил хөдөлмөрөөсөө түр холдон  алсад хүлгийн жолоо залахын учир юу гэвээс 2015 оны зунаас эхлэн олон хоног сэтгэлдээ ургуулан бодож урласан  эх бичгийн хээтэй авдар маань “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны бүтээлийн төрөлд тэргүүн байр эзэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн  шагнал хүртэж ӨМӨЗО-р аялах эрхийн бичгээр шагнагдан Өвөр Монгол орноор аялахаар яваа минь энэ.

Эгэл багш, энэ зууны “Хуучин хүү” миний бие урагшаа   Эрээний бараан зах, умар зүг Ариг ус \Байгал далай\ Улаан –Үд  хот  Буриад орноос цааш хөл тавиагүй болохоор эх бичиг соёлынхоо ач буянаар цус нэгт Өвөрлөгч орноор аялж түүх соёлтой танилцах болсондоо ёстой л “хөл газар хүрэхгүй” хөөрцөглөж байв.

Хань минь ч явахын өмнө надад :

-Миний хань ариун цагаан хөдөлмөрөө үнэлүүлж явж байгаа юм чинь  сайхан юм их үзэж нүд тайлаад ирээрэй гэж урам хайрлаваа.

Улаанбаатар хотоос Өвөр Монголыг зорих  МОНЦАМЭ агентлагийн баг бүрэлдэхүүнд  орж зургуулаа галт тэргэнд суун хөдөллөө. Өглөө нь Эрээн хотод Эрдэнэтийн ГОК-ийн хэвлэл мэдээллийн албаны арван нэгэн хүн, Монголын үндэсний ТВ, Радио, ”Стар”ТВ, “Үндэсний мэдээ” ”Соёмбо”сонины таван хүнтэй дөрөө харшин хорин хоёр хүний  бүрэлдэхүүнтэй баг боллоо.

Мөн хятадын арваад сэтгүүлч манай багтай  нэгдэн  “Нэг бүс, нэг зам” нэртэй болсон манай аялалын баг бүрэлдэхүүн Эрээн, Хөх хот, Ордос ... хотуудын хөгжил цэцэглэлттэй танилцахаар цэнхэр автобус хөлөглөн урт аяндаа шуударлаа.

Энэ нэр төртэй сайхан аялалд оролцож яваа минь зүүд ч юм шиг бойтогны хонхоо жингэнүүлэн өссөн ботгон буйлаатай хүүхэд насаа үдсэн төрсөн нутгийнхаа онгон дагшин газар нутагтаа, төрүүлж өсгөсөн ижий аав, халуун ам бүлээрээ бахархан омогшиж явсан дэврүүн үеэ бодоход өөрийгөө бас ч тоомоор,  Их хотод дөрвөн  жил сурч, төрийн захиргаанд ажиллаж, хөгжлийн түүчээ болсон газар ажиллаж амьдарч, нэртэй шилдэг сургуульд багшилсан....гээд битүүхэндээ өөрийгөө тоож бахархаж явдаг миний бие өөрийгөө  энэ аялалд хамтдаа яваа оюунлаг хүмүүстэй жишихэд  голж  ичмээр ч юм  зөндөө л тохиолдож байлаа.

Аян замд үзэж харсан бүхэн “Мянган удаа сонсохоор нэг удаа үз”  “Суусан цэцнээс явсан тэнэг дээр”  “Явсан нохой яс зууна”  гэх үгс  өөрийн эрхгүй сэтгэлд  бууж ардын аман зохиол, зүйр цэцэн үгийн үнэнхүү лут гайхамшгийг жинхэнэ утгаар гүн гүнзгий мэдрэгдэж байв.

Өвөрлөгч орны хотуудаар аялахад хамгийн сайхан нь үндэсний бичиг соёл заншлаа орхилгүй дээдэлж алхам тутамд хэрэглэж  хослуулан хөгжүүлсэн нь үнэхээрийн гайхалтай бас бахархалтай санагдана.

Хэрэглээ чимэглэл нь тун энгийн гудамны гэрэлтүүлэг бүрт эмээлийн  дөрөө, морин хуурын толгой хоёрыг оруулсан, ресторанд нь сарлагийн салаа турууг ашиглан хоолны сав хийсэн, морин хуурын хэлбэртэй чихэр, монгол гэр нь байшин дотроо бариастай, онгоцны буудлыг гаднаас нь харахад  нисэж яваа бүргэдийн хэлбэртэй, дотор талдаа монгол гэрийг хэд дахин  томруулсан байх жишээтэй.

Хотын барилга байгууламжийн  гадаад үзэмжинд онцгой анхаарал хандуулжээ. Жишээ нь номын сан нь давхарлаад өрсөн зузаан ном, сэтгүүлчдийн ордон нь зургийн аппарат, бага сургууль нь эвлүүлдэг тоглоомын хэлбэртэй, Чингисийн онгоны барилгын онцлог гэх мэт бүхий л барилга байгууламж нь хүний сонирхлыг татахаар сонин, өвөрмөц гайхалтай шийдэлтэй ..

Энэ бүх сайхан зүйлсийг үзэж сонирхон учир утгыг гүнзгий ухаж, мэдэхэд хамгийн чухал түшигтэй хүн бол Монголдоо цорын ганцхан үндэсний бичгээр хэвлэгддэг “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа багш минь байлаа. Өвгөдөөс улбаатай бичиг соёлын гайхамшиг, босоо заяат тэнгэрийн бичгээрээ гангарч яваа цуцашгүй хөдөлмөрч энэ  агуу хүний мэдлэг чадвараар бахархахгүй байхын аргагүй.

Хотуудын нэг чухал зүйл бол  зам харилцаа. ”Зам дагаж хөгжил ирдэг” болохоор энэ их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт  бол замын асуудлыг цогцоор нь шийдэж өгсөнтэй холбоотой болов уу.

Их хотын  өндөр барилгуудыг нэг дор олноор “шавааралдуулах” биш, орчны талбай чөлөөтэй зүлэгжүүлэлт “эко” орчин гэдгийг бүрэн утгаар нь харж  төлөвлөдөг юм байна.

Хөгжилтэй орны хүмүүсийн харилцаа ч найрсаг аж. Хүний эрхийг маш их дээдэлдэг инээмсэглэл, элэгсэг дотно харилцаа цэвэр цэмцгэр орчин хүн бүр дор бүрнээ хариуцлагатай,  ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг нь харагдаж байлаа.

“Цаг бол алт” гэдэг үг энд жинхэнэ үйлчилдэг бололтой. Бүх зүйл цагаар хэмжигдэнэ.  “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр энэ сайхан  аялалд оролцсон миний бие нэг л зүйлийг өөртөө дадал болгож авсан нь цаг ашиглалт юм.

Эх орныхоо хилийн дээсийг алхаж Өвөрлөгч Монголын  цөөхөн хотоор аялаад буцахад “Бид яагаад хажуунаасаа туршлага судлаад хэрэгжүүлж болдоггүй юм бол? гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Бид Ази, Европын аль нэг оронд байгаа юм шиг  хаяг реклам нь хүртэл гадаад хэл, бичгээр байх хотуудаа харахаар эх орон, эх орноо хайрлах, өв соёлоо уламжлуулах, өвлүүлэх гэдэг амьдарч байгаа орчноосоо эхэлдэг юм байна даа гэж  бодож явлаа.

Бид алсын Америк, Япон, Солонгос...гэж өдөр бүр ярьж , хөгжил тэнд л байна гэж амтай  бүхэн шагшиж суухын оронд Өвөрлөгч орондоо бий болгосон үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлж байгаа сайхан уламжлалаас суралцах минь яасан юм болдоо.

Хөгжлийн шинэ шийдэлд хүрсэн өмнөд хөрш, Өвөр Монголынхоо хотуудаар аялаад би нутагтаа ирлээ. Ямарч шийдэл, зохион байгуулалтгүй барилга байгууламж, эмх замбараагүй гудамж талбай, гадаад үсгээр бичсэн элдэв хаягнууд, хөглөрсөн хог новш, халцарч амьдралгүй болж элсээр шуурсан гудамжнууд.. гэвч сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь эцэг өвгөдийн минь үлдээж өгсөн эх сайхан нутаг минь.

Бидэн дотор эх орноо гэсэн, үндэсний өв соёлоо дээдэлдэг хүмүүс бишгүй бий. Тэднийгээ дэмждэг төр засаг, орон нутгийн удирдлага, үндэснийхээ уламжлалаар бахархдаг бүхнийг хүндэтгэдэг соёл дутаж байх шиг санагдана.

Жирийн багш надад ингэж санагдаж байхад өөр бусдад ямархан бодол төрдөгийг төсөөлөхөд бэрх. Удахгүй Улаанбаатар, Дархан зэрэг том хотууд минь утаандаа дарагдаж өвөл ирнэ.

Хичнээн зардал гаргаж, хичнээн цаг зарцуулж, хичнээн хүн өнгөрсөн он жилүүдэд гадаадаар аялж, хичнээн дарга, сайд нар тив тивийг дамнан аялсны тооцоолоход  ч бэрх. Та нар минь аялж ирээд нэг ч болохноо бүтээлч, эх орноо гэсэн зүйлийг хийж байгаасай гэж санаснаа хэлмээр санагдлаа. Эх хэл бичгийн жирийн багш би эх орны ирээдүй хойч үе хүүхэд багачууддаа үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, тэр гайхамшигт соёлоо хадгалж хамгаалах ухамсартай иргэнийг бэлтгэх их үүрэгт хүчин зүтгэсээр байх болно.

Энэ бол Өрнийн Сэлэнгэ нутгаас Өвөр Монгол орноор аялж нүд тайлсан жирийн багш миний бодол эргэцүүлэл.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ