Сагсан бөмбөгийн дээд лиг Дархан-Уул аймагт үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-22 11:14:47

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны 30 дахь удаагийн дээд лигийн тэмцээний ээлжит тоглолтыг Дархан-Уул аймагт зохион байгуулна.


Өөрөөр хэлбэл, найрамдлын Дархан хотоор овоглосон “Дархан Юнайтед” баг талбайдаа лигийн хүрээнд анхны тоглолтоо хийх гэж байгаа юм. Харин Дархан-Уул аймгийн дээд лигийн хувьд талбайдаа гурав дахь удаагаа тоглолт зохион байгуулах гэж байна. Үүнээс өмнө 1995 онд лигийн тойргийн тоглолт, 2000 онд "Бүх оддын тоглолт" Дархан хотод болж байв. 


Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн “Дархан Юнайтед Арена”-д лигийн гурван тоглолт болно. Эхнийх нь эмэгтэйчүүдийн лигийн өнгөрсөн улирлын аварга “Хүлгүүд” гурав дахь тоглолтдоо “Аравт”-ыг хүлээн авах нь ээ. Харин Дарханы хөрш Сэлэнгийн “Бодонгууд” лигт нэг ч хожигдолгүй яваа “Апес”-тай тоглоно. Тэгвэл гурав дахь тоглолтод “Дархан Юнайтед” багийнхан талбайдаа лигийн хамгийн залуу багуудын нэг “Инут Ти Эл Жи”-г хүлээн авах юм. Дээрх гурван тоглолт энэ сарын 26-ны бямба гарагт болох юм.

 

Холбоотой мэдээ