Монгол Улс төрийн өмчийн үйлдвэрийн бодлогоо цэгцлэх цаг болсон гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-08 16:48:10

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

ОХУ-ын зүгээс 2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” болгон өөрчилж, ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн. Уг саналыг Монгол Улсын Засгийн газар энэ оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхийлөгчийг заавал Монгол, ОХУ-аас бус гуравдагч орны иргэнийг захиралд томилж болох уу. Манайх Төрийн өмчийн хороогоор дамжуулж, “Эрдэнэт үйлдвэр”-тээ харьцдаг байсан. 2015 оны төсвийн тодотголоор Төрийн өмчийн хороог татан буулгахаар тусгасан байна. Цаашдаа Монголын төр “Эрдэнэт үйлдвэр”-тээ хэрхэн холбогдох вэ. Түүнчлэн хоёр улс хамтран “Хаалт хөгжлийн сан” байгуулж болох уу. Тус үйлдвэр хаагдсан тохиолдолд сангийн хөрөнгөөр өөр үйлдвэр байгуулах, ажилчдынхаа амьдралд тодорхой хувь нэмэр оруулах зэрэг боломжийг эрэлхийлэх юм” хэмээн асуусан.

Уг асуултад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Захирлыг хоёр улс зөвшилцөж байж шийддэг. Төрийн өмчийн хороог татан буулгасан тохиолдолд энэхүү протоколд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно хэсэн бол Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, “Хаалт хөгжлийн сан” байгуулах тухай асуудал яригддаг хэдий ч шийдэгддэггүй. Цаашдаа энэ санг байгуулах чиглэлээр ажиллах болно” гэсэн хариулт өгөв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаа. Монгол улс төрийн өмчийн үйлдвэрийн газартай холбоотой бодлогоо цэгцлэх цаг болсон. Төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгож, олон улсад сурталчлан таниулах хэрэгтэй. Одооноос бодлого, үйл ажиллагаагаа үүнд чиглүүлэх нь зөв” гэлээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хуулийн төсөлд заасан олон улсын хуулийн хэм хэмжээтэй холбоотой асуудлыг нарийн судлах шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.

УИХ-ын дарга З.Энхболд, олон улсын хуулийн хэм хэмжээтэй асуудлыг нарийн судалж, тодорхой болгосны дараа дахин хэлэлцэх болно гээд судалгааны ажлыг богино хугацаанд, шуурхай хийхийг ажлын хэсэгт даалгав.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ