“Монгол бахархлын өдөр”-ийн барилдааны түрүү бөхөд Ерөнхийлөгчийн нэрэмжит Их хааны цом гардуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болно.
2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсан уг барилдаанд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах “Их хааны цом”-ыг гардуулахаар болсныг ЕТГ-аас мэдэгдэв. Бөхчүүдийн бүртгэл маргааш эхлэх бөгөөд ирэх сарын 1-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Тус барилдааныг анх зохион байгуулахад улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж байсан бөгөөд 2012, 2013 онд дараалан түрүү бөхөөр тодорсон байдаг. Үүнээс өөр хоёр түрүүлсэн бөх гараагүй. Тэгвэл хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил улсын арслан Ц.Бямба-Отгон гарди цолтойдоо түрүүлсэн билээ.
“Монгол бахархлын өдөр”-ийн барилдааныг 2020 онд коронавирусын цар тахлын улмаас зохион байгуулаагүй өнжсөн юм. Харин 2019, 2022 онд Улс тунхагласны ойтой давхцаж байжээ. Ингэснээр уг барилдаан 12 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулагдах гэж байгаа нь энэ.