СҮХБААТАР: Худалдаа, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, малчид туршлага судлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Худалдаа, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, фермер, малчдын төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Шилийн хот, Улиастай хотод туршлага судлах аялалд хамрагдлаа.
Тухайн хотуудад мах, сүү сүүн бүтээгдэхүүн, эрчим хүч, олон улсын худалдаа, үзвэр үйлчилгээ зэрэг чиглэлээр тогтвортой, амжилттай үйл ажиллагаа эрхлэгч ААНБ-уудтай танилцсан юм. Үйлдвэрлэл,
худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, бусдаас суралцах, харилцан туршлагаа хуваалцах боломжийг олгох цаашлаад тэдний бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлж орлогыг нэмэгдүүлэх нь энэхүү аяллын гол зорилго. Тийм ч учраас төрийн албан хаагчаас илүү жинхэнэ үйлдвэрлэгч, малчдыг түлхүү хамруулахыг зохион байгуулагчид зорьжээ.
Аялалын маршрут, үйл ажиллагаа, зохион байгуулалтад оролцогчид сэтгэгдэл өндөр ирсэн бөгөөд цаашид ийм төрлийн аялал, үйл ажиллагаанд оролцож байх нь олон талын ач холбогдолтой болохыг илэрхийлж байсан юм.
Шилийн хотын Шү Фан хүнсний үйлдвэрийн парк. ЖДҮ-ийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Шилийн хотоос бодлогоор дэмжин хөрөнгө оруулалт хийж уг паркийг байгуулжээ. 2021 онд байгуулагдсан ч үйлдвэрийн суурь бааз, хүчин чадал, техник хангамж сайтай. Бүтээгдэхүүний нэр төрөл, амт чанар зэргээр зүүн үзэмчин хошуундаа хэдийнэ алдаршжээ. Паркийн бүтээгдэхүүний гол түүхий эд нь сүү, цагаан идээ. Өрөм хусам, ааруул, бяслаг, шар сүү, аарц таргаар бүх төрлийн чихэр, жигнэмэг, чипс, ундаа жүүс хийдэг.
Өөрөөр хэлбэл, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй амттан үйлдвэрлэдэг. Ингэхдээ малчин, үйлдвэрлэгч өрхүүд нэгдэж, хоршдог бөгөөд нэг өрх, хоршоо зөвхөн нэг л төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог. Уг үйлдвэртэй танилцсан орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч, малчид маш сайн туршлага хуваалцаж, өөрсдийн үйлдвэрлэж буй шар сүүний чихэр, цэлцэгнүүр зэргийнхээ нэр төрлийг хэрхэн нэмэгдүүлэх, цаашлаад илүү чанаржуулах ямар боломж байгааг эндээс олж авсан юм.
Улиастай хотын Чин Му хүнсний компани үзэмчин үүлдрийн хонины махыг Хонконг, Кувейт, Сингапур, Камбож, Мьянмар зэрэг олон улс оронд экспортолдог. Өнгөрсөн онд л гэхэд 120 мянган хонины мах боловсруулж 135
сая юанийн орлого олжээ. Хамгийн гол нь олон улсын чанарын стандартуудыг нэн тэргүүнд хангахад анхаарч, үүнийхээ дараа зах зээлээ тэлж эхэлсэн туршлага анхаарал
татаж байв. Махыг олон төрлөөр ангилан ялгаж, тусгай сав баглаа боодолтойгоор худалдаанд гаргадаг. Хониноос гарах хаягдал гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл экспортоос гадна дотоодын хэрэглэгчдэдээ зориулсан олон төрлийн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлдэг нь
хэрэглэгчдийн таашаалд нийцдэг.
Уг үйлдвэрүүдтэй танилцсан орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч, малчид маш сайн туршлага хуваалцаж, өөрсдийн үйлдвэрлэж буй шар сүүний чихэр, цэлцэгнүүр зэргийнхээ нэр төрлийг хэрхэн нэмэгдүүлэх, үзэмчин хонийг хэрхэн
эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой, цаашлаад үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ илүү чанаржуулах ямар боломж байгаа талаар суралцаж, шинэ мэдлэг, мэдээллийг олж авсан байна.
Сүхбаатар аймгийн ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, энэ сарын 21-25-ны өдрүүдэд үргэлжилсэн уг аялалд төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 43 хүн хамрагджээ.