А.Садулаев дэлхийн зургаан удаагийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-01 10:02:43

МОСКВА, 2024 оны 11 дүгээр сарын 1 /РИА Новости/.  Чөлөөт бөхийн Олимпын хошой аварга, Оросын бөх Абдулрашид Садулаев өчигдөр Албани улсын Тирана хотод болж өндөрлөсөн олимпын бус жингүүдийн ДАШТ-нд түрүүлснээр дэлхийн зургаан удаагийн аварга боллоо.


92 кг хүртэлх жингийн аваргын төлөөх барилдаанд тэрбээр Гүржийн бөх Мириан Майсуразег 6:0 оноогоор ялсан байна. Өмнө нь хагас шигшээд Садулаев Ираны бөх Камран Гасемпуратай өрсөлдөж, барилдаан дуусахаас 0,3 секундийн өмнө шийдсэн мэхээ хийж ялжээ.  


А.Садулаев 2016 оны Риогийн Олимп, 2020 оны Токиогийн Олимпод түрүүлсэн юм. Харин Парисын Олимпод түүнийг оролцуулаагүй бөгөөд Тирана-2024 Олимпын бус жингийн ДАШТ бол түүний хувьд Олимпоос хойших анхны тэмцээн байв.


Чөлөөт бөхийн Олимпын бус жингийн ДАШТ Албанийн нийслэлд 10 дугаар сарын 28-наас 31-нд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрлүүд, сонгомол бөхийн төрлөөр дөрвөн жинд явагдаж дууслаа. Парисын Олимпод оролцсон бөхчүүдийг тус тэмцээнд оролцуулаагүй юм. 

Холбоотой мэдээ