БАЯН-ӨЛГИЙ: Пазырыкийн соёлын 362 булш бүртгэлтэй байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймгийн нутагт 76 газарт 362 пазырыкийн соёлын булш байдаг.
Мөнх цэвдэгт Алтайн нуруунд амьдарч байсан нүүдэлчдийн дурсгалыг Оросын нутагт XIX зуунаас малтаж эхэлсэн бөгөөд анхны малтлага хийсэн “Пазырык” хэмээх газрынх нь нэрээр нэрийджээ.
Тус аймагт пазырыкийн булш хамгийн ихээр бөөгнөрсөн газрууд бол Улаанхус сумын Цагаан салаа, Бага Ойгорын хөндий (10 оршуулгын газарт 35 булш), Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын сав газар (25 оршуулгын газарт 135 булш), Алтай сумын Сагсай голын хөндий (6 оршуулгын газарт 34 булш), мөн сумын Чигэртэй голын хөндий (5 оршуулгын газарт 17 булш) зэрэг байна.
Пазырыкийн соёл нь эрдэмтдийн дэвшүүлсэн саналаар нийтийн тооллын өмнөх V-IІ зуунд хамаарна.
Баян-Өлгий аймагт хамгийн анхны малтлагыг 2005 онд Монгол-Францын хамтарсан
"Евразит" төслийн судалгааны баг тус аймгийн Цэнгэл сумын Бага
Түргэний гол-1 дурсгалд хийж, 3 булшийг судалжээ. Улмаар 2006 онд
Монгол-Орос-Германы хамтарсан төслийн баг Улаанхус сумын Олон гүүрийн голд
пазырыкийн 2 булш малтсаны нэг нь маш сайн хадгалалттай мөнх цэвдгийн булш
байжээ. Тэндээс онц сонирхолтой эд өлгийн зүйлс илрүүлсэн нь дэлхийн хэмжээнд
алдаршсан байна.
Монгол-Францын хамтарсан "Евразит" төслийн судалгааны баг 2005-2013 онд Цэнгэл, Сагсай, Улаанхус сумын 6 газарт 38 булшийг малтан судалжээ. Харин 2010 онд Монгол-Америкийн хамтарсан экспедиц Цэнгэл сумын Билүүт хэмээх газарт 2 булшийг малтсан байна. Дээрх малтлагуудын явцад Монгол Алтайн өндөр уулын хөндийнүүдэд байх мөнх цэвдгийн нөлөөтэй орчинд хадгалагдан үлдсэн төмөр, хүрэл, нэхмэл, мод, арьс, ширэн эдлэлүүдийг олноор олжээ.
Баян-Өлгий аймгийн нутаг дахь пазырыкийн булшнаас олдсон зарим эд зүйлсийг
танилцуулж байна.