Улаанбаатар хотод үхрийн цул мах 1 кг нь 20 383 төгрөгийн дундаж үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-11-08 15:19:36

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Мах, махан бүтээгдэхүүний үнэ нийслэлд 2024 оны 10 дугаар сард 2023 оны мөн үеийнхээс 13.6 хувиар нэмэгдлээ. Тухайлбал:

  • үхрийн махны үнэ 13.9 хувиар,
  • адууны махны үнэ 11.2 хувь,
  • хонь, ямааны махны үнэ 16.4 хувиар нөлөөлжээ.

Талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.3 хувиар нэмэгдэхэд:

  • гурилын үнэ 4.4 хувиар,
  • талх, нарийн боовны үнэ 6.4 хувиар,
  • гоймонгийн үнэ 15.5 хувиар нөлөөлсөн аж.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2024 оны 10 дугаар сард:

  • 2023 оны эцсээс 5.9 хувиар,
  • 2023 оны мөн үеэс 7.0 хувиар өслөө.

Улаанбаатар хотын инфляцад:

  • бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж хувь,
  • мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.3 нэгж хувиар нөлөөлсөн байна. 

Улаанбаатар хотод худалдаж буй үхрийн цул мах 1 кг нь дунджаар 2024 оны 10 дугаар сард 20 383 төгрөг болж, 2022 оны 10 дугаар сараас 30.3 хувиар, 2023 оны 10 дугаар сараас 11.6 хувиар нэмэгдсэн байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 2023 оны мөн үеийнхээс 7.0 хувь, 2023 оны эцсээс 5.8 хувь нэмэгджээ. Мөн:

  • Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5 хувь,
  • Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 13.2 хувь,
  • Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.2 хувь нэмэгдсэн байна.

Харин 2024 оны 10 дугаар сард 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад:

  • хүнсний барааны бүлгийн үнэ 7.6 хувиар,
  • хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.8 хувиар,
  • барааны бүлгийн үнэ 6.4 хувиар,
  • үйлчилгээний бүлгийн үнэ 9.2 хувиар нэмэгджээ

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 10 дугаар сард 9. 0 хувь байсан бол 2024 оны 10 дугаар сард 7 хувь болжээ. Харин өсөлтийн хурд 2023 оны мөн үеийнхээс 2 нэгж хувиар буурсан аж.


Улсын инфляцад:

  • бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж хувиар
  • мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3. 4 нэгж хувиар нөлөөлсөн байна 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 7 хувь гарсны 2.2 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн нэмэлтээс шалтгаалжээ.


Нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны 10 дугаар сард 2351 төгрөг болж, 2022 оны 10 дугаар сарынхаас 25.1 хувиар нэмэгдэж, 2023 оны 10 дугаар сараас 2.3 хувь, 9 дүгээр сараас 0.5 хувиар ( 12 төгрөгөөр) буурсан байна.


Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2024 оны 10 дугаар сард 2390 төгрөг болж, 2022 оны 10 дугаар сараас хойш өөрчлөлтгүй байна.

Аймгуудад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сард бүх аймагт 2023 оны мөн үеийнхээс 3.9-13.4 хувиар нэмэгдсэн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Увс аймагт 3.9 хувиар өссөн нь хамгийн бага, Ховд аймагт 13.4 хувиар өссөн нь хамгийн өндөр байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Холбоотой мэдээ