“Үндэсний өгөгдлийн чуулган” боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-11 15:01:45

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсад статистикийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын “Үндэсний өгөгдлийн чуулган”-ыг өнөөдөр зохион байгууллаа.


БНМАУ-ын Анхдугаар Их хурлын 1924 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн гуравдугаар тогтоолоор Дотоод явдлын яамны бүтцэд зургаан хүний бүрэлдэхүүнтэй Тоо бүртгэх хэлтсийг анх байгуулсан нь орчин цагийн статистикийн албаны эхлэл болсон билээ. Уг чуулганы үеэр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа 100 жилийн түүхтэй статистикийн алба улс орон, олон нийтийг чанартай тоон мэдээллээр хангаж, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэрийн залгамжийг тасралтгүй хадгалан, статистикийн чадавх, хөгжлөөрөө дэлхийн бусад улс оронтой зэрэгцэж буйг тодотголоо.


Тэгвэл тус чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцох үг хэлэхдээ “Улсын Их Хурал, Засгийн газар хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоо баримт дээр суурилсан, цаг үеэ олсон, олон хэмжээст судалгаатай хууль батлан гаргана, төдий чинээ иргэдийн амьдралын хэв маяг, эрэлт хэрэгцээнд нийцсэн, урт настай, чанартай хууль батлагддаг. Тиймээс Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад чанартай статистик ус, агаар мэт чухал ач холбогдолтой. Дэлхийн улс орнууд их өгөгдөл, хиймэл оюун ухааныг засаглал, шийдвэр гаргалтдаа ашиглаж эхэлсэн учраас энэ хөгжлийн хурдаас манай улс хоцрох ёсгүй. Тиймээс статистикийн албаны тогтолцоог хараат бус, технологид суурилсан, мэргэжлийн, чадварлаг болгон хөгжүүлэхэд УИХ-аас анхааран, дэмжин ажиллана” гэв.









Холбоотой мэдээ