Зудын үе дэх малчдын хүүхэд хамгааллын бодлогыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2024-11-14 09:34:38

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам, “Пипл ин Нийд (ПИН) ОУТББ байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “REACH” төслийн үр дүнг танилцуулах уулзалт-хэлэлцүүлэг 2024 оны 10-р сарын 29-нд боллоо. Уг уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн сорилтуудыг даван туулах арга зам, зудын үе дэх малчин өрхийн хүүхэд хамгааллын бодлого, анхаарах зүйлс, практик туршлагуудыг хуваалцсан байна.


Энэ оны 5-р сараас 10-р сар дуустал үргэлжилсэн дээрх төслийн хүрээнд, Баян-Өлгий болон Ховд аймгуудын 18 суманд боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын хэрэгцээг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулжээ.


Уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Монгол Улсын Их Хурлын гишүүн  Г.Лувсанжамц, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц тэргүүтэй зочид, Ховд, Баян-Өлгий аймгууд дахь хамтрагч байгууллагын төлөөлөгчид оролцжээ.


Энэ үеэр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хельмут Кулиц хэлэхдээ: “Энэхүү төслийн хүрээнд зөвхөн тусламж үзүүлээд орхих биш, харин орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар (ХГБХХГ)-тай нягт хамтран ажиллаж, төлөвлөсний үндсэн дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн зудын эрсдэлтэй үеийн бэлтгэл, хариу арга хэмжээг сайжруулахад чиглэсэн юм” хэмээн төслийн үр дүнг онцолсон байна.


УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Др Б.Бейсен “Монгол Улс нүүдлийн соёл уламжлалтай орон тул малчид маань уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн түрүүнд өртөж байна. Тулгамдаж буй асуудалд тохирох, цаг үеэ олсон дэмжлэгийг төслийн хүрээнд үзүүлжээ. Хамгийн гол нь малчин иргэдийг дэмжих бодит шийдлийг тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хүндрэл бэрхшээлийг уян хатан даван туулахад тусалснаараа онцлог байна” хэмээн зорилтот бүлгийн иргэдийг хамгаалах чиглэлээр явуулсан үйл ажиллагааг нь тодорхойлсон байна.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Бидний малчдын гэр бүлд үзүүлэх үүрэг хариуцлага зөвхөн яаралтай тусламжаар хязгаарлагдах ёсгүй. Тэдний амьжиргааг хамгаалж, хүүхдүүдийнх нь сайн сайхан байдлыг хангах нь урт хугацааны шийдэлд хүрэх суурь нь болох юм. Энэ утгаараа REACH төсөл зөв жишиг болж чадсан байна. Өнөөдрийн уулзалтаар ч уг төслийн үр дүнгээс бодлого боловсруулах ажилдаа санаа авах зүйлс их байна. Төсөл нь зудаас үүдэлтэй малчин айл өрхийн хохирол болон хүүхдийн эрхийн зөрчлийн эсрэг үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх зөв үлгэр жишээг харуулж чадлаа” хэмээн тодотгожээ.


Харин ПИН ОУТББ-ын хөтөлбөр хариуцсан захирал Др. Д.Амаржаргал: “Бид орон нутгийн оролцогч талуудын саналыг авч, эхнээсээ нягт хамтран ажиллаж үйл ажиллагааныхаа үр дүнг үр ашиг ихтэй байлгахыг зорьсон. Ингэснээр төслийн үр нөлөө тухайн орон нутгийн тогтолцоонд шингэж, тогтвортой байдал хадгалагдах юм” хэмээн орон нутгийн оролцооны ач холбогдлыг онцолсон байна.

Харин уг санаачилгад нэгдэн төслийн эхнээс төгсгөл хүртэл хариуцлагатай хамтран ажилласан Ховд ба Баян-Өлгий аймгийн ХГБХХГ-ын дарга Д.Түнжээ, Х.Бауыржан нарын онцолсноор тус аймгуудад малчны хотонд очиж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж чадсан анхны төсөл боллоо гэв.

REACH төсөл нь Монгол дахь ПИН-ийн олон жилийн үйл ажиллагааны үргэлжлэл бөгөөд 2008-2009 оны зудын үеэр анх тусламж үзүүлснээр эхэлсэн юм. Түүнээс хойш ПИН нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам ихсэж байгаатай холбогдуулан хүмүүнлэгийн зохих тусламж, гамшгийн үеийн яаралтай тусламж болон урт хугацааны хөгжлийн үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байна.



REACH төслийн онцлох үр дүнгээс:

  • Хүүхэд хамгаалал: Мэргэжлийн 30 хүний бүрэлдэхүүнтэй баг 270 малчин өрх болон 18 сургуулийн дотуур байранд хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийж, түүндээ суурилан зөвлөгөөг өгч, зохих арга хэмжээг авсан. Мөн хүүхэд хамгааллын хамтарсан багийн талаар мэдээлэл түгээжээ
  • Боловсрол, хүүхдийн хөгжлийн дэмжлэг: Малчин өрхийн 540 хүүхэд, сургуулийн дотуур байрны 2860 хүүхэд, нийт 3400 хүүхэд хичээлийн хэрэгсэл, ном, амин дэм бүхийн багц хүлээн авсан. Мөн дотуур байр тус бүрд хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь дэмжлэг болох зорилгоор 100 багц ном тараажээ.
  • Санхүүгийн дэмжлэг: Зудад нэрвэгдсэн 270 малчин өрхөд хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангах зорилгоор нэг удаагийн 660,000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн байна.


Холбоотой мэдээ