Кино урлагийн салбарынхан хоёр дахь удаагаа зөвлөлдлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар”-ын аяны хүрээнд “Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн-2024” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд энэ салбарын 100 гаруй төлөөлөгч оролцож “Кино урлагийн зөвлөлийн 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”, ““Монгол кино” нэгтгэлийн хэтийн зорилт, бодлого, үйл ажиллагаа”, “Монголын кино үйлдвэрлэл ба кино уран бүтээлчдийн статус судалгаа, үр дүн”, “Кино урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах нь”, “Олон улсын хамтарсан кино төсөл бүтээх боломж” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдсан асуудлуудаа ярилцсаан. Монголын кино урлагийн салбарынхан сүүлийн үед янз бүрийн шүүмжлэлд өртөх болсон. Ялангуяа орчин үеийн кино, контент бүтээгчдийг шүүмжлэх үзэгч төдийгүй, мэргэжлийн хүмүүс ч олон байна.
Тэгвэл Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал ярихдаа “Манай зөвлөл байгуулагдаад хоёр жил болж байна. Мөн Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдаад хоёр жил болсон. Энэ хугацаанд бид Кино урлагийн хууль болон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуульд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан. Ингэснээр гадаадын киноноос тодорхой хэмжээний хувийг Кино урлагийг дэмжих сан руу оруулах, кино урлагийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой болсон нь уран бүтээлчдэд давуу тал болсон. Мэдээж 2022 оноос сургалт семинар, хурал зөвлөгөөнийг олон удаа зохион байгууллаа. Кино урлагийн зөвлөл стратеги төлөвлөгөөгөө 2024-2028 онд гаргасан байгаа. Манай улсын хэмжээнд кино, контент хийдэг 700 гаруй компани, продакшн бий. Бид өнгөрсөн хугацаанд 27 төсөл ирж, 3.6 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлгүйгээр олгосон байна. Үүнээс гадна 2024 оны шалгаруулалтаа зарласан. Ирэх сарын 2 хүртэл материалуудыг хүлээн авч, ирүүлсэн материулуудтай зөвлөлийн гишүүд танилцаж байна. Яг өнөөдрийн хувьд 6.0 тэрбум гаруй төгрөг Кино урлагийг дэмжих санд бий. Үүнийг бид уран бүтээлчдээ дэмжих зорилгоор зарцуулна. Дээр дурдсан шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүдэд санхүүжилт болгон өгөх юм” гэв.
Харин “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн үүсгэн байгуулагч Г.Ундармаа “Цөөн хүн амтай улсын аль ч салбарын хувьд илүү сайжруулах зүйл олон байна. Кино урлагийн салбарт маш олон мэргэжилтэн бий болж, нэгдэж байгаа ч нэг талаараа тэдэнд туршлага, үлгэр дууриалал болох продакшн, хувь уран бүтээлч хэрэгтэй. Манай нэгдлийн хувьд ирэх таван жилийн уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан. Бидэнд төлөвлөгөө, тооцоолол, судалгаа маш их шаардлагатай болж байна. Хүний нөөцийн хувьд 10 гаруй жил кино хийсний үр дүнд сүүлийн 3-4 жилд тогтвортой болж байх жишээтэй. Миний хувьд залуу уран бүтээлчид контент хийж болно. Тэндээс л сайн муугаараа шалгарч үлдэнэ. Үзэгчид нэг удаа үзчихээд ер нь энэ киног хэн хийж байна вэ гэдгээ шүүдэг болсон. Ямар ч судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр кино хийгээд байвал түүнийг нь хүн үзэхгүй. Тэгэхээр зах зээлийнхээ зарчмаар шахагдана. Эсвэл өөрийгөө улам хөгжүүлж, багаа сайн бүрдүүлж, ахиж дэвшинэ. Тэгэхээр энэ асуудалд эмзэглээд, залуу уран бүтээлчид рүү дайрах хэрэггүй байх. Хоёрт, залуус аль продакшнд ажиллах хүсэлтэй байна вэ. Тэндээ ажиллаж, туршлагатай болооч ээ. Тэгэхгүй 30 жил кино урлаг, хошин урлагт ажилласан Г.Ундармаатай өөрийгөө зүйрлэж, ашиг олох гэж битгий яараач ээ. Нөгөө талаас студи, продакшны удирдлагууд залуустайгаа хамтран ажиллаж, цалин хөлсийг нь өгч байх хэрэгтэй. Бие дааж уран бүтээл, кино, контент хийнэ гэдэг их хэцүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.