Хуурамч дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон 500-гаад жолоочид хариуцлага тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-14 17:22:23

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо улсын бүртгэлийн дугаарыг нуун далдлах, хуурамчаар үйлдэхгүй байхыг анхааруулж байна. 


Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг багасгахаар “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 8-наас нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Ингэхэд 5 хоногийн хугацаанд 3659 тээврийн хэрэгслийг шалгаад, зөрчил гаргасан 1318 жолоочийг торгожээ. 


ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуяг, “Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг нуун далдалсан, хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Эдгээр заалтыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог. Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн, үзэгдэх байдал нь муудсан автомашинтай замын хөдөлгөөнд оролцвол иргэнийг 10 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг 100 мянган төгрөгөөр торгодог. Харин улсын бүртгэлийн дугаараа нуун далдалсан, дугааргүй хөдөлгөөнд оролцсон иргэнийг 25 мянга, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Энэ оны эхний 10 сард ийм зөрчил гаргасан 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь заалт буюу улсын хуурамч бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил их байна. Энэ оны эхний 10 сард энэ төрлийн зөрчил гаргасан 496 жолоочид хариуцлага тооцож, жолоодох эрхийг 3 сараар хасах, 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгосонхэмээв.


ТЦА-ны хяналт, шалгалтын хүрээнд зөрчил гаргасан 253 жолоочийг 2.530.000 төгрөг, 219 жолоочийг 2.190.000 төгрөг, 496 жолоочийг 4.960.000 төгрөг, 350 жолоочийг 7 сая төгрөгөөр торгожээ. Мөн хуурамч улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаас гадна камерын хяналт, дэвшилтэт техник технологи, иргэдийн E-Police аппликейшнээр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж байгааг Тээврийн цагдаагийн албанаас онцоллоо.

 

 

Холбоотой мэдээ