Венецийн түүхэн баатар, аялагч Марко пологийн тусгай үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-15 18:47:18

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Италийн Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү Марко Пологийн тэнгэрт дэвшсэний 700 жилийн ой энэ онд тохиож байна.


Тэгвэл энэхүү ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” нэртэй тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд нээлээ. Монголд анх удаа нээж буй уг үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музей, ССАЖЗЯ, Итали улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Венецийн их сургуулийн монгол хэлний багш, монголч эрдэмтэн Элизабетта Рагагнин нар хамтран зохион байгуулж байгаад бөгөөд нээлтийн ёслолд Итали улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта, “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцов.


Нээлтийн үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун хэлэхдээ “Монголчуудын түүхийг дэлхий дахинд, ялангуяа Европт түгээсэн хүн бол Марко Поло. Түүгээр дамжуулан ертөнцийн зүүн жигүүрт байгаа нүүдэлчин ард түмнийг мэддэг болсон гэж ярьдаг. Энэ хүний тэмдэглэл Монголын түүхийг дэлхий дахинд сурталчлах томоохон хөшүүрэг болсонтой хэн ч маргахгүй. Энэ үзэсгэлэнгээр тэр үеийн Монголын эзэнт гүрэн болоод Юань монголчуудад хэрхэн тусаж байсныг харуулахыг зорьсон юм. Чингис хааны үеийн зэр зэвсэг, дайн байлдааны үед хэрэглэж байсан эд зүйлс өнөөдрийг хүртэл нүүдэлчдийн хэв маяг хэрхэн хадгалагдаж үлдсэнийг Марко Пологийн тэмдэглэл ба өнөөдрийн монголчууд гэсэн дүр зургаар харуулахыг хичээлээ” хэмээсэн юм.




Харин Итали улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта үг хэлэхдээ “Марко Поло бол улс орнуудын соёл, нийгмийг холбож байдаг гүүр бөгөөд тэрбээр мэдлэг солилцож, харилцан яриа өрнүүлэх нь хүн төрөлхтний хувьд туйлын чухал гэдгийг нотлон харуулсан билээ. Итали, Монголын хамтын ажиллагаа, ялангуяа соёлын салбарын хамтын ажиллагаа, энэхүү харилцан ойлголцол, хамтын хүчин чармайлтын үндсэн дээр тогтдог. Итали, Монголын өвөг дээдэс хүн төрөлхтний түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан эзэнт гүрнийг байгуулж, түүний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн. Энэхүү үзэсгэлэн нь залуу үеийнхэнд манай хоёр улсын түүх болон Марко Пологийн аяллын талаар илүү ихийг ойлгоход тусална гэдэгт би итгэлтэй байна” гэв.




Үзэсгэлэнд 100 гаруй үзмэр дэлгэснээс хамгийн үнэ цэнтэй нь Италийн номын санд хадгалж буй XIV зууны үеийн Юань улсын төвлөж зурсан 1х1 хэмжээтэй газрын зураг юм. Өнөөдөр нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэн 2025 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байх аж.


Аялагч Марко Поло Хубилай хааны дэргэд 17 жил хамт байж, түүний итгэлт элч төлөөлөгчөөр ажилласан тухай түүхтэй. Элч төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Юань улсын олон мужийн хүн ардын аж амьдрал, зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэгийн талаар тэмдэглэн үлдээсэн байдаг юм байна. 
















Холбоотой мэдээ