МЕРКОСУР-тай худалдааны гэрээ байгуулахыг Францын фермерүүд эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-18 17:17:52

ПАРИС, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Европын Холбоо /ЕХ/ ба Өмнөд Америкийн орнуудын МЕРКОСУР эдийн засгийн холбооны хооронд худалдааны хэлэлцээр байгуулахыг эсэргүүцэж буй Францын фермерүүд өнөөдөр өргөн хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ.


Энэ гэрээг байгуулснаар экологийн шаардлагуудыг хангаагүй, хямд үнэтэй хөдөө аж ахуй бүтээгдэхүүнүүд Өмнөд Америкаас орж ирэх тул өөрсдийнх ньь бизнест хохирол учруулна гэж фермерүүд үзэж байна.


МЕРКОСУР-тай гэрээ байгуулах гэж буйг “тоортон дээрх гашуун интоор”-той зүйрлэж болно гэж Францын фермерүүдийн холбооны / FNSEA/ тэргүүн Арно Руссо дүгнэн хэллээ.   


“Францын хөдөө аж ахуйн салбарын зарим бүтцийг устгаж магадгүй ийм тэнцвэргүй гэрээг байгуулахыг бид эсэргүүцэж байна. Эсэргүүцлийн ажиллагаа засгийн газрын байрнуудын өмнө даваа, мягмар гарагт явагдах бөгөөд 12 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжилж магадгүй” гэдгийг А.Руссо La Tribune Dimanche сонинд ярилцлага өгөхдөө дурдав.


Латин Америкийн орнуудад айлчилж буй Францын Ерөнхийлөгч Э.Макрон Аргентины Ерөнхийлөгч Х.Милейтэй уулзахдаа “одоогийн хэлбэрээр нь гэрээг байгуулахыг Францын тал дэмжихгүй” гэдгийг илэрхийлсэн байна.


ЕХ ба Бразил, Аргентин, Парагвай, Уругвай гэсэн дөрвөн улсын эдийн засгийн холбооны /МЕРКОСУР/ хооронд гэрээ байгуулснаар 700 сая хүнийг хамарсан дэлхий дээрх хамгийн том чөлөөт худалдааны бүс бий болох юм.  Гаалийн татварыг бууруулж, худалдааг дэмжих зорилготой энэ гэрээг Францын фермерүүд эсэргүүцэж, Бразил, Аргентинаас их хэмжээний үхрийн мах, тахианы мах, элсэн чихэр, эрдэнэ шиш орж ирснээр өөрсдийнх нь орлого багасна хэмээн санаа зовниж байгаа ажээ.


Түүнээс гадна Өмнөд Америкийн орнууд тариалангийн талбайдаа пестицид цацаж, малаа тэжээхдээ антибиотик хэрэглэж байгаа нь ЕХ-ны хуулийг зөрчиж буй хэрэг хэмээн фермерүүд үзэж байна.


Орлого нь буурахын зэрэгцээ ЕХ-ны зохицуулалт чангарч, засгийн газраас хэт өндөр шаардлага тавьж байгааг Францын фермерүүд эсэргүүцсээр байгаа юм. Өнгөрсөн өвөл гэхэд, Украинаас нийлүүлж буй барааны хэмжээ өссөнийг эсэргүүцэж байсан бол хамгийн сүүлд энэ оны эхээр тэд тракторуудаараа хурдны замуудыг хааж эсэргүүцлээ илэрхийлж байв.

 

 

 

 

Холбоотой мэдээ