Итали хоолны өдөрлөг "Газар дундын тэнгисийн хоолны дэглэм" сэдвээр болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сонгодог урлаг, хувцасны дизайн, амтат паста гээд олон зүйлээрээ дэлхийд алдартай Итали улсын хоолны соёлын өдөрлөг боллоо.
Манай улсад Италийн хоолны соёл, өдөрлөгийг зохион байгуулаад ес дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ жилийн итали хоолны өдөрлөгийн хүрээнд Газар дундын тэнгисийн хоолны дэглэмийн сэдвээр уулзалт зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг уулзалт, хэлэлцүүлэгт Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх Т.Мөнхтөр тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцсон юм.
Энэ үеэр Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета ярихдаа, “Өнөөдөр Италийн хоол зүйн онцлогийн талаар ярилцлаа. Итали хооллолт, хэв маяг нь ЮНЕСКО-гийн биет бус өвийн нэг хэсэгт тооцогдсон байдаг. Италийн хоолны долоо хоногийн санаачилгын хүрээнд энэ хурлыг зохион байгуулав. Хурлаар дамжуулан Италийн хоол зүйн онцлогийг монголчуудад таниулах, сурталчлах зорилготой юм. Итали хоол нь баялаг, олон зүйлийг агуулдгаас гадна хүний эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой, мөн байгаль орчинд нөлөөтэй гэж үздэг. Манай хоёр орны хоолны онцлог, соёл нь арай өөр боловч хоол зүйгээр дамжуулан хүн амын эрүүл мэндэд анхаарах ёстой болсныг ХХААХҮЯ-ны сайдын зөвлөхийн ярианаас ойлголоо. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд монголчууд махны хэрэглээгээ багасгаж, ногоо орсон хоол бүтээгдэхүүн илүүтэй хэрэглэж, эрүүл хооллолтыг хөхиүлэн дэмжихэд анхаарах ёстойг хөндөж байсан. Манай улс Монголын ард түмэнтэй хоол зүйн чиглэлээр мэдээлэл өгч, туршлага солилцоход баяртай байх болно” гэв.
Халдварын бус өвчлөл хоолтой холбоотой гэдгийг эрдэмтэд нотолсон. Монголчууд эртнээс хооллолтын өвөрмөц соёлтой байсан тухай эрдэмтэд судалгаандаа тусгасан байдаг. Гэтэл өдгөө энэ соёл нь алдагдаж, эрүүл бус хооллолт газар авах хандлагатай байгааг хоолзүйч М.Пүрэвжав болгоомжлуулж байв.
Түүнчлэн монголчуудын махны хэрэглээ сүүлийн жилүүдэд гурав дахин нэмэгдсэнийг ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх Т.Мөнхтөр дурдсан юм.
Манай улс 2019 онд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Тиймээс хүүхдүүдийг эрүүл бус хооллолтоос урьдчилан сэргийлэхийн тулд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ёстойг судлаачид ярилаа. Тэр утгаараа хүүхдийг багаас нь аюулгүй, эрүүл хүнсээр хооллоход сурган, хоолны зөв дадал зуршлыг бий болгохыг уриалав.