Папиллома вирусийн эсрэг вакциныг 150 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-20 13:30:03

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Манай улс 11 настай хүүхдүүдэд энэ сарын 25-наас хүний паппилома вирусийн эсрэг вакцин хийж эхэлнэ.


Тэгвэл цахим сүлжээнд тус вирусийн эсрэг вакцин нь сөрөг гэсэн судалгаа, нотолгоогүй мэдээллүүд цацагдсан. Тиймээс Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төвөөс үүнтэй холбогдуулан мэдээлэл хийв. Дэлхий дахинд ХПВ-ийн 200 гаруй хэв шинжийг судалж тогтоосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнд ХПВ нь үтрээ, бэлгийн уруул, шодой, ам, хоолой, умайн хүзүүний хорт хавдар зэрэг зургаан төрлийн хорт хавдрын шалтгаан болдгоос гадна бэлгийн үү, ургацаг үүсгэдэг ажээ.


ХПВ нь ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын 75 хувь нь ХПВ-ийн 16 болон 18 хэв шинжээр үүсгэгддэг байна. Насанд хүрсэн хүн амын 80 хувь нь амьдралынхаа аль нэг үед энэ вирусийн халдварт өртдөг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. ХПВ-ийн халдвартайгаа мэдэхгүйгээр бусдад халдвар дамжуулах боломжтой бөгөөд хавдар хожуу үе хүртлээ шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг байдаг аж.


2023 онд Монголд 425 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Энэ нь  нийт оношлогдсон хорт хавдрын дөрөвдүгээрт орж буй үзүүлэлт. Тиймээс, Дэлхий дахинд 2030 он гэхэд бүх улс оронд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулах, улмаар устгах зорилт тавьсан байна. Ингэхдээ 15 хүртэлх насны охидын 90 хувийг ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах, 35 ба 45 насныхны 70 хувийг өндөр мэдрэг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулсан байх, умайн хүзүүний эмгэгтэй эмэгтэйчүүдийн 90 хувийг шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамруулсан байх зорилтыг дэвшүүлжээ.

Холбоотой мэдээ