ГОВЬ-АЛТАЙ: Зармангийн баянбүрдийг хашаалан заг, хармаг тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-11-20 15:23:19

Говь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 20  /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн унаган ургамал заг, тооройн үр цуглуулах, сухай мөчрөөр нь суулгахын сацуу иргэдийн байгаль хамгаалах санаачилгыг дэмжин зармангийн баянбүрдийг хашаалан заг, хармаг тарьж байгаа нь ихээхэн онцлогтой юм. 

 

Говь-Алтай аймгийн хэмжээнд 2021-2023 онд 260 мянган мод тарьсан бөгөөд нийт тарьсан модны 80 хувь ургаж байна. Тодруулбал, тус аймгийн хэмжээнд 2022 оноос хойш жимс жимсгэний мод 12 мянга, хамгаалалтын ойн зурвас 70 мянга, төв суурин газрын болон улсын чанартай зам дагуу цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд 250 мянган ширхэг мод тарьжээ.


Говь, хээрийн мод бутыг тарихдаа хамгаалалтын зурвас хэлбэрээр тарьж ургуулж буйгаараа ихээхэн онцлогтой юм. Мөн түүнчлэн иргэдийн амьжиргааг дэмжих, мод бут тарьж үр ашгийг нь хүртээх зорилгоор жимс жимсгэний мод тарьж ургуулах ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа нь тус аймгийн байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт хийж байгаа томоохон ажил болоод буй юм.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд говь, хээрийн унаган ургамлыг тарималжуулах ажлын хүрээнд Ээж хайрхан уулын отоглох цэгийг түшиглэн хоёр жилийн турш найман сая загийн үр тарих ажлыг хийсэн. Өнөө жилийн тухайд нэмж тариалалт хийлгүйгээр нөхөн сэргээж, арчилгаанд илүүтэй анхаарч 8000 мод нөхөн тарьсан тухай БОАЖГ-ын ой хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвдорж мэдээлэв.



Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 79,5 хувь нь цөлжөөд байгаа бөгөөд цөлжилтөд Хөхморьт, Баян-Уул, Хариун, Шарга сум хамгийн ихээр өртөөд байгаа тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас танилцуулсан. Тэгвэл цөлжилтийг сааруулах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд Говь-Алтай аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 108 сая мод тарих ажлыг өрнүүлж байгаа юм. Тус аймгийн тухайд нийт нутаг дэвсгэрийн 10 гаруй хувь нь ойтой гэж үздэг. Тухайлбал, таван сум шинэсэн ойтой бол 11 сум заган ойтой.


Холбоотой мэдээ