ЗАВХАН: Ургамал суманд цөлжилтийн эрчим 60-аас дээш хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-21 16:41:47

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ургамал сумын газар нутгийн 52.7 хувь нь хөрсний доройтолд өртжээ.


Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс болж тус сумын нутагт хөрсний доройтол, цөлжилт бий болоод байгаа тухай мэргэжлийн байгууллагууд ярьж байна. Энэ жил гэхэд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх журам”-ын дагуу Ургамал суманд судалгааны ажил хийсэн. Тус сумын өвөлжөө, хаваржаа, зуслан намаржаа бүхий газруудад тухайн бэлчээрийн талбайг төлөөлж чадахуйц 18 цэгт бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх хээрийн судалгааны ажлыг хийсэн байна.


Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газрын Байгаль орчны шинжилгээний лабораторийн судалгаагаар Ургамал сум нь элсэнцэр хөрстэй тал газрын сөөг-таана-үетэн-өдлөг хялганат цөлийн хээрийн бэлчээр соргог төлөв байдалтай.


Говийн болон Сайрын хялгана, Клеменцийн хялгана, Зүүнгарын хазаар өвс, Улаан харгана, Одой харгана, Орог тэсэг, Шар хотир, Агь, Хуурайсаг шарилж, Таана гэхчлэн 11 зүйл ургамал ургаж байна. Тус сумын доройтсон төлөв байдал нь голын татмын Алаг өвс-үетэнт нугын бэлчээр нь хуурайшиж доройтсон төлөв байдалтай. Ширэг улалж Галуун гичгэнэ, Имт гичгэнэ, Салбант шарилж Нангиад түнгэ зэрэг дөрвөн зүйл ургамал ургаж байна.

Мөн бэлчээрийн ихэнх буюу 73.2 хувь нь элсэнцэр, 24.4 хувь нь хөнгөн шавранцар, 2.4 хувь нь холбоот элс байна.


Ялангуяа Ургамал  сумын  баруун  хойд  талаар  хөрсний  доройтол, цөлжилт их илэрсэн байна. Цөлжилтийн эрчим 65–67 хувь байна.


Судалгааны үр дүнгээс харахад хиймэл дагуулын МОДИС мэдээний 2000-аас 2023 он хүртэлх 23 жилийн динамик дүн шинжилгээгээр Ургамал сумын уур амьсгал, зуншлагын төлөв олон жилийн дундаас муу, уур амьсгал, ургамалжилтын өөрчлөлт ихтэй сумаар эрэмбэлэгдэж байна. Мөн судалгаагаар бэлчээр 3-5 таван жилд өөрөө сэргэх боломжтой байна.


Тиймээс бэлчээрийн ургамлыг өөрөө сэргэх боломжоор хангахын тулд бүх талууд үр дүнтэй хамтран ажиллах хэрэгтэй юм. Бодлого боловсруулагчид, сум орон нутгийн шийдвэр гаргах түвшнийхэн, малчид, иргэд, байгаль хамгаалагчид уугуул нутгийн иргэд гээд бүх талуудын оролцоог хангаж бэлчээрийг сэлгэх, өнжөөх, хашиж хамгаалах, мод, бут тарих гэхчлэн хамгаалалтын ажлуудыг хийх нь чухал юм.


Цаашид газрын доройтол, цөлжилтийн  асуудалд  уур  амьсгал,  хүний  буруутай  үйл ажиллагааны хүчин зүйл, нөлөөллийг нь нарийвчлан тооцох. Судалгаанд суурилсан цөлжилтийг сааруулах оновчтой арга аргачлал боловсруулахад судалгааг үргэлжлүүлэн хийж тодотгох шаардлагатай талаар Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.


Сонирхуулахад, тус сумыг “Ургамал” хэмээн нэрлэсэн нь Хульжийн голоос дээш Аргалант сээрийн эхэнд орших “Ургамалуулын нэртэй дүйж өгсөн байдаг.


Гэхдээ энэ сумын нутагт таван төрлийн малын тэжээлд тохирох амт чанар, шим тэжээл сайтай 600 гаруй нэрийн ургамал ургадаг байна. Мөн хүний хүнс тэжээлд хэрэглэдэг сульхир, хар суль, зэрлэг буудай, цагаан мангир, мангина, гоёо, эмийн ургамал болох чихэр өвс, дэгд, юмдүүжин, тэмээн хөх, зангуу, зээргэнэ, бударгана, ортууз, шувуун хөл, бэвлэн гэхчлэн төрөл бүрийн ургамал элбэг ургадаг учир “Ургамал” хэмээн нэрийдсэн тухай нутгийн буурлууд ярьдаг ажээ. 

Холбоотой мэдээ