Монголын баг Японы шигшээгийн эсрэг сайн үр дүн үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг ААШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтоо гурав дахь тоглолтоо Японы Үцүномия хотод хийлээ.
“С” хэсгийг хоёр хожилтой тэргүүлж буй Японы шигшээ багийн талбай дээр зочилсон уг тоглолтод манай залуус 75:93-аар хожигдов. Гэсэн ч Бүх цаг үед Японы үндэсний шигшээ багтай хийсэн тоглолтоос хамгийн сайн үр дүн нь энэ байлаа. Монголын багаас А.Эрдэнэбаясгалан 26, О.Эрдэнэцогт 17, Э.Маргад, Г.Болор-Эрдэнэ, Э.Саруул-Эрдэнэ нар тус найман оноо авчээ.
Тоглолтын дараа багийн онооны лидер А.Эрдэнэбаясгалан ярихдаа “Анхнаасаа тоглолтын эхлэл болон төгсгөлийг эрч хүчтэй эхлүүлье гэж ярилцсан. Тэр дагуу явлаа. Гуравдугаар үед тоглолтын хэмнэлээ алдаагүй бол үүнээс ч ойрхон тоогоор хожигдож болох байлаа. Багаараа эргэн ирэх оролдлого хийж, тоглолтыг сайн дуусгаж чадсандаа баяртай байна” гэв.
Монголын баг нөгөөдөр буюу энэ сарын 24-ны ням гарагт “Юү Жи Арена”-д Хятадын шигшээг хүлээн авна. Тоглолт 15:00 цагаас эхлэх бөгөөд “Премьер спортс нэтворк” сувгаар шууд дамжуулах юм. Үүний дараа 2025 оны хоёрдугаар сард манай баг Японыг талбайдаа хүлээн авч, Гуамын талбайд зочилж тоглоно.