42 дахь удаагийн “Болор цом”-ын эзнээр А.Лхагва тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-42” яруу найргийн наадам амжилттай болж өнгөрлөө.
Тус наадамд Дундговь аймгийн уугуул Монголын зохиолчдын эвлэл болон Нацагдоржийн нэрэмжит шагналт А.Лхагва тэргүүлж, “Болор цом”-ын эзэн болсон байна. Энэ удаагийн наадамд нийт 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс 28 найрагчийг шалгаруулж, тайзнаас шүлгээ унших эрхтэй болсон юм.
Түүнээс шилдэг тавд На.Батболд, А.Лхагва, Д.Нямдорж, Л.Торой, Ч.Ууганбаяр нар шалгарчээ. Улмаар яруу найрагч Л.Торой дэд байрт шалгарсан бол На.Батболд гутгаар байрын эзэн болсон байна. Харин Ч.Ууганбаяр дөрвөлж, яруу найрагч Д.Нямдорж айрагдав.
Наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, утга зохиол судлаач, доктор А.Мөнх-Оргил, яруу найрагч Л.Эрдэнэбат, МЗЭ-ийн шагналт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, МУИС-ийн багш, утга зохиол судлаач Г.Галбаяр нар ажиллажээ.