БУЛГАН: 16 настнуудын төлөөлөл 60 хүүхэд “Иргэний андгай” өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Иргэний андгай өргөх ёслолд Булган сумын ерөнхий боловсролын сургууль, Спортын дунд сургуулийн 16 настнуудын төлөөлөл болох 60 хүүхэд “Иргэний андгай” өргөж, иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.
Булган аймагт 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч буй 660 гаруй хүүхэд байна.
Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үе,
залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа
ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч Монгол Улсын
иргэний үнэмлэх авч буй сурагчдыг алдаршуулан, “Иргэний андгай” өргүүлэн, иргэний
үнэмлэхийг батламжийн хамт гардуулдаг уламжлалтай.
Андгай өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандулам, Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах нар оролцож, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүддээ баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн аймгийн Засаг дарга иргэний андгай өргөж буй хүүхдүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн тухай илтгэл тавилаа.