Харольд Пинтерийн жүжгийг Г.Ган-Очирын найруулгаар үзэгчдийн хүртээл болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хайрын тухай шинэхэн жүжгээ үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ.
Тодруулбал, Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэн “The Lover” романтик, инээдмийн жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар энэ сарын 29-нөөс буюу хоёрхон хоногийн дараа УДЭТ-ын тайзнаа амилуулах гэж байна. Найруулагч Г.Ган-Очир жүжгийн талаар ярихдаа “Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болон хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэнэ” хэмээн хэлжээ. Жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргал, залуу жүжигчин О.Майдарравжаа, Ц.Рагчаа, Б.Золзаяа, Г.Эрдэнэболд, Я.Төгсжаргалан нар тоглосон байна. 90 минут үргэлжлэх эл жүжгийг 18-аас дээш насныхан үзэх боломжтойг театрынхан онцолсон бөгөөд тасалбарыг 30-80 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд гаргажээ.
Зохиолч, найруулагч, жүжигчин гэсэн театрын урлагийн үндсэн гурван талбарт бүтээн туурвиж, орчин үеийн театрын үзэгдэл болсон Английн домогт уран бүтээлч Харольд Пинтерийн “The Lover” жүжиг анх 1963 онд теле хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд жүжиг болгон тавьсан байдаг.
Сонирхуулахад, 2014 онд найруулагч Н.Наранбаатар уг жүжгээс сэдэвлэн “Өчигдөр” хэмээх жүжгийг найруулан тавьж байсан. Харин энэ удаа УДЭТ-ын олон бүтээлийн бүжиг, хөдөлгөөний найруулагчаар ажилласан найруулагч Г.Ган-Очир “Хайр хэнд хэрэгтэй вэ” гэсэн тодотгол дор, цоо шинэ найруулгаар үзэгчдийн хүртээл болгох юм.