Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-28 15:48:09

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн Гурвалжингийн гүүр орчимд том оврын техник, хэрэгсэл олноор байршсанаар хөрс бохирдуулж, тухайн орчимд амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байсан тул тэдгээр үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй тохиролцон газрыг чөлөөллөө.


Чөлөөлсөн газрыг ирэх хавраас тохижуулах аж. Баянгол дүүргийн менежер Ж.Баатара ярихдаа, “Гурвалжингийн гүүрний урд хэсэгт “Тэхийн зогсоол” нэртэй том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн байрлаж байсан. Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар газрыг чөлөөлсөн. Харин том оврын машин, механизмын түрээсийн үйлчилгээг СХД-ийн 22-ын товчооны Авто худалдааны төвийн эзэмшлийн газарт нүүлгэж байна. Харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажиллах учир нэг техникийг өдрийн 5000 төгрөгийн түрээстэй байршуулахаар тохиролцсон” гэжээ.


Ингэснээр Улаанбаатар хотын төвийн байршилд том оврын техник хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхгүй, төвлөрсөн цэгээс үйлчилгээ авахаар болж байна. Цаашид Гурвалжингийн гүүр орчмын төмөр замаа дагасан байршилд том оврын техникээр ачаа зөөдөг аж ахуйн нэгж, байгууллагын агуулахуудыг хотоос зайтай байлгахад шат дараатай арга хэмжээ авахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 


Хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотой Баянгол дүүрэгт өнгөрсөн оныхтой харьцуулахад ажиллах хүч, техник хэрэгслийн тоо 3 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2023 онд тус дүүрэгт зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 4 компани үйл ажиллагаа явуулж байсан бол энэ онд 12 компанийн 600 гаруй ажилтан, албан хаагч зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж байгаа аж. 

Холбоотой мэдээ