“Бөртэ чоно-2024” ёслолыг УДЭТ-ын ерөнхий найруулагч Ч.Түвшин найруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ![](/files/674fb8b7a603d.jpeg)
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 19-нд Улсын драмын эрдмийн театрт болно.
Наадам зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, өмнөх наадмуудаас илүү шинэлэг хэлбэрээр явуулахаа мэдэгджээ. Өмнөх наадмуудыг МҮОХ-ноос зохион байгуулж ирсэн бол энэ удаагийн наадмыг ССАЖЗЯ, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, УДЭТ, МҮОХ хамтран зохион байгуулах юм.
22 дахь удаагийн “Бөртэ чоно-2024” наадмын ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ийн ерөнхий найруулагч Ч.Түвшин ажиллах бөгөөд ёслолыг “Тэнгэр” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэнэ. Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг “Бөртэ чоно” наадмыг анхлан санаачилсан нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин агсан юм.
Наадмыг анх 2002 онд зохион байгуулахад бол анхны “Бөртэ чоно” цомыг чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар хүртэж байв. Харин энэ цомыг хамгийн олон хүртсэн нь олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар бөгөөд тэрбээр 2004, 2006, 2009 онд “Бөртэ чоно”-ын эзэн болжээ.