"Нэр дэвшигчийг бүртгэх тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулсан юм. Монголбанкны Хяналтын
зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Монголбанкны Мөнгөний
бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, СЗХ-ны гишүүнд нэр дэвших тухай
хүсэлт, СЗХ-ны Хяналтын
зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, ҮСХ-ны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай
хүсэлтийг энэ сарын 5-19-ний
өдрийн 17 цаг 30 минут хүртэл хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр
төсөлд тусгажээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан, нэр дэвших тухай хүсэлтийг хүлээн авах
хугацааг 30 хоног болгохыг УИХ-ын гишүн П.Сайнзориг,
Л.Соронзонболд нар, сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд хүртээмжтэй
мэдээлэх тухай саналыг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хэлсэн
юм.
Гишүүдийн гаргасан саналаар Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар болов. Дээрх хүсэлтүүдийг энэ сарын 5-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгахаар тогтсон юм. Ийнхүү “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын 17 гишүүний 13 нь дэмжсэнийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.