Манай оронд он гарснаас хойш 22 мянга гаруй удаа газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-12-05 15:41:02

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Манай орны нутаг дэвсгэр, хил орчмын бүс нутагт энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл газар хөдлөлт нийт 38 304 удаа бүртгэгджээ.


Үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт 22610 удаа газар хөдөлсөн бол эдгээрээс 3.5-4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 36 удаа, 4.5 - 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 4 удаа бүртгэгдсэн байна.


Газар хөдлөлтийн хүчийг 8 магнитуд, 12 баллын үнэлгээ шаталбараар үнэлдэг.

Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж буй төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд, барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн 2.5 магнитуд нь зөвхөн багажинд бичигдэнэ. Тодруулбал, 2.5-5.4 магнитудын хүчийг хүн мэдэрч, яльгүй гэмтэж бэртэж болох бөгөөд 5.5-6 магнитудад барилга байгууламжид бага зэргийн эвдрэл гэмтэл үүсдэг байна. Харин 6.1-6.9 магнитудын хүчтэй бол хот суурин газар эвдрэл учруулж, 7-7.9 магнитудад хүчтэй гөзөр хөдөлвөл эвдрэл сүйтгэл их, 8 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход маш хүчтэй буюу эпицентрийн ойролцоо бүрэн сүйрнэ гэж үздэг байна


Газар хөдлөлт нь олон хүний амь нас болон хүний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг устгадаг байгалийн гамшиг. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монголд төдийгүй дэлхий дахинаа нэмэгдсээр байгаа.


Хамгийн сүүлд энэ сарын 5-ны өглөө 6:16 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын 3-р дугаар багийн “Шивдэг” гэдэг газарт (аймгийн төвөөс баруун урд зүгт 286 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км)-т 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөосөн. Аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт 2021 оны  1 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт юм.


Газар хөдлөлт, түүнийг дагасан эрсдэл, бэлэн байдлын тухай асуудал нь хүн бүрийн анхаарах ёстой амин чухал сэдэв тул иргэд газар хөдлөлтийн өмнө хэрхэн бэлтгэл бэлэн байдлаа хангах, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмжийг www.belenbai.mn сайтаас авч, өөрийгөө болон бусдыг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулжээ. 

Холбоотой мэдээ