СЭЛЭНГЭ: Ахмадуудын ахуй амьдралд нөлөө үзүүлэхүйц, үр өгөөжтэй бодлогоор дэмжин ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-06 19:25:51

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн удирдлагууд аймгийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Сэлэнгэ аймгийн нийт хүн амын 13.4 хувь буюу 13000 гаруй нь ахмадууд байдаг.

 

Уулзалтаар аймгийн ИТХ-ын дарга ахмадуудын амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн аливаа үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнаас ахмад настны эрхийг хангах чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

Аймгийн Ахмадын хорооны зүгээс аймгийн ИТХ-ын даргад “Ахмад настны тухай хууль”-ийг гардуулан өгч тус хууль болон “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай”, “Нийгмийн халамжийн тухай”, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай”, “Компанийн тухай”, “Эрүүл мэндийн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д орсон ахмад настантай холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийн хэрэгжилтийг ханган, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

 

Аймгийн ИТХ-ын дарга ахмад настнуудаа үргэлж ойлгон хүндэтгэж, аливаа бодлого шийдвэр гаргахдаа ахмадуудынхаа ахуй амьдралд нөлөө үзүүлэхүйц шийдвэрүүдэд нухацтай хандаж, илүү үр өгөөжтэй, бодлогоор дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.


Аймгийн Засаг дарга аймгийнхаа нийт Ахмадын хороодын үйл ажиллагаанд 1 сая төгрөгийн дэмжлэгийг жил бүр олгож, ахмадуудаа бүх талаар дэмжиж хамтран ажилладаг юм.


Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, хүч чадал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад настнуудаа байнга сонсож, үргэлж дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ