ДУНДГОВЬ: Хоршоологчдод шинэ хоршоогоо удирдах, хөгжүүлэх мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-11 11:55:48
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хоршоологчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулж, 15 сумын 90 гаруй хоршооны төлөөлөл оролцлоо.


Хоршоо нь эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн иргэн сайн дурын үндсэн дээр байгуулдаг нэгдсэн, хамтын удирдлага, хяналттай, дундын эд хөрөнгө дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой байгууллага юм.


Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих замаар тогтвортой хөгжүүлэх зорилгоор "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг өрнүүлж байгаа.


Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн хэмжээнд 1200 орчим хоршоологч нийт 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, малын хашаа, хороо, саравч худалдан авах, шинээр барьж байгуулах, бэлчээрт худаг, уст цэг гаргах, малын тэжээл, тэжээлийн ургамал тарих, мал бордох, мах, сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулах, ноос, ноолуур, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь барих зэрэг олон зориулалтаар ашиглаж байна.


Шинээр байгуулсан хоршооны гишүүдийг чадавхжуулах хэрэгцээ орон нутагт байгаа. Тиймээс Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, аймгийн ЗДТГ, ХХААГ, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нартай хамтран уг сургалтыг зохион байгуулжээ.


Сургалтаар хоршооны менежмент үйл ажиллагаа, санхүүгийн удирдлага, мал үржүүлэг технологи, ХАА-н гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бэлчээр ашиглалт, тэжээл тариалалт, мал бордох технологи зэрэг сэдвээр ойлголт өгсөн байна. 





Холбоотой мэдээ