ДУНДГОВЬ: 44 малчин өрх 98,5 га талбайг хашиж хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-17 16:40:17
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-ын мэдээлснээр тус аймгийн нийт газар нутгийн 91,5 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 91 хувийг бэлчээрийн талбай эзэлдэг. Тус аймаг 7,469.0 мян.га газар нутагтай, тал хээр, говийн бүсэд багтдаг.


УЦУОШТ-ийн мэдээлснээр 2024 онд тус аймгийн нийт нутгийн 38 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 38 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 22 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 2 хувьд 3-5 дахин хэтэрсэн байдалтай байна.


Бэлчээр хамгаалах, бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлэх, бэлчээрийн ургамлыг хамгаалах чиглэлээр аймгийн хэмжээнд олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.  


Тодруулбал, Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Луус, Эрдэнэдалай сумын 44 малчин өрх нөөц бэлчээр бий болгох зорилгоор өвөлжөө, хаваржааныхаа дэргэд 98,5 га талбайг хашиж хамгаалжээ.


Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумдын 27 багийн 20,0 мянган га бэлчээрийн талбайд 30 тн бактержуулсан бэлдмэл цацаж, микробиологийн аргаар бэлчээрийг хортон мэрэгч амьтдаас хамгаалах ажлыг зохион байгуулсан юм. 


Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй мэрэгч амьтан, шавжны тархалт, олшролтын тодотгох судалгаагаар Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Сайнцагаан,  Цагаандэлгэр, Эрдэндалай сумын 940,0 мянган га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнын тархалттай 510,0 мянган га бэлчээрийн талбайд тэмцэх шаардлагатай дүгнэлт гарсан байна.


Түүнчлэн үлийн цагаан оготнын тархалт ихтэй Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Эрдэнэдалай сумын 15 багийн 40,0 мянган га талбайд энгийн механик аргаар тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ