НАСА-гийн аппарат Наранд хамгийн бага зайд ойртлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-12-25 10:51:47

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ Паркер автомат станц мягмар гарагт бусад сансрын хөлгүүдтэй харьцуулахад Наранд хамгийн бага зайд ойртож, дулааны хамгаалалт нь Цельсийн 930 хэмээс давсан халууныг тэсвэрлэснээр түүхэнд бичигдлээ. 


2018 оны наймдугаар сард хөөргөсөн уг сансрын хөлөг Нарны талаарх шинжлэх ухааны ойлголтыг гүнзгийрүүлэх, дэлхий дээрх амьдралд нөлөөлж болох сансрын цаг агаарын үзэгдлүүдийг урьдчилан таамаглахад туслах зорилгоор долоон жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байгаа юм.


Мягмар гаргийн түүхэн нислэг Гринвичийн цагаар яг 11:53 цагт болох ёстой байсан боловч Наранд хэт ойртсон уг аппараттай хэдэн өдрийн турш холбоо тасарсан тул болж өнгөрсөн үйл явдлыг батлахын тулд баасан гараг хүртэл хүлээх хэрэгтэй. 


Яг одоо Паркер аппарат Нарны хажуугаар урьд хожид байгаагүй ойр зайд нисэн өнгөрөхийн тулд 6.1 сая км-ийн зайд ойртоод байна. Энэ бол “Тийм ээ, бид үүнийг хийж чадлаа” гэж хэлэх торгон мөч юм” гэж НАСА-гийн мэргэжилтэн Ники Фокс мягмар гаргийн өглөө дүрс бичлэгээр дамжуулан хэлжээ.


Нарыг судлах “Паркер зондыг хариуцсан хөтөлбөрийн эрдэмтэн Арик Познер даваа гарагт хэлэхдээ, энэ бол манай орчлон ертөнцийн талаарх өнө удаан жилийн турш тайлагдаагүй ирсэн асуултуудад хариулт олохын тулд урьд өмнө хэний ч хийж байгаагүй зүйлийг хийж буй НАСА-гийн төслүүдийн нэгэн жишээ юм гэжээ.


Бид сансрын хөлгөөс одоо анхны мэдээллийг хүлээн авч, ойрын долоо хоногт шинжлэх ухааны мэдээллүүдийг хүлээн авч эхлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. Зул сарын баярын өмнөх өдрийн нислэг нь Нарны хажуугаар дээд амжилт тогтоон хийх гурван нислэгийн эхнийх нь бөгөөд дараагийн хоёр нь 2025 оны гуравдугаар сарын 22, зургаадугаар сарын 19-нд болох төлөвтэй байна.

 


Холбоотой мэдээ