ТӨВ: “Цөмөөхэй” бүжгэн жүжигт 208 хүүхэд оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Монгол туургатан театрт 2024 оны 12 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг толилуулж байна. Тус жүжгийг 3 дахь жилдээ дэглэж байгаа бөгөөд энэ жил 208 хүүхэд оролцож, цар хүрээгээ тэлснээрээ онцлог байна.
"Цөмөөхэй" бүжгэн жүжиг нь цөмөөч ханхүүгийн тухай түүхийг өгүүлснээр үзэгч таныг ид шидийн мэт үлгэрийн орноор аялуулах болно. Самар цөмөгч модон цэргүүд Клара охиныг аврахын тулд Хулганы хаан ба түүний цэргүүдтэй хэрхэн тулалдан тэмцэлдэж байгаа, ялалтын дараа баярлан цэнгэж гялалзан бүжих цасан охид, орос, испани, хятад, араб үндэсний бүжгүүд гээд өөрийн үеийн хүүхэд багачууд хэрхэн сонирхолтойгоор цөмөөч хүү, Клара охины түүхийг тайзнаа амилуулах юм.
Бүжиг дэглээч, "Elite dance studio" бүжгийн багш О.Туяагаас тодруулахад, “Анх энэхүү бүжгэн жүжгийг зөвхөн хүүхдүүдээр дэглэж толилуулж байв. Анх 65 хүүхэд байсан бол хоёр дахь удаагийнхад 105 хүүхэд оролцсон байдаг. Энэ удаагийн жүжигт мэргэжлийн урлагийн бүжигчид нэмэгдэж орж байгаа нь үнэхээр чимэгтэй сайхан байна. Мөн энэ удаад аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар дэмжин, хамтран ажилласнаар тайз засалтыг үнэхээр төгс хийж чадсан гэж бодож байна” гэв.
Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Тунгалаг, “Төв аймгийн авьяаслаг хүүхэд, багачууд өөрсдийн оролцоотойгоор энэхүү жүжгийг толилуулж байгаа нь онцлог. Энэ жил Монгол туургатан театрт дэлхийн болон монголын томоохон жүжгүүд тоглогдсоны хаалт болж аймаг орон нутгийнхны өөрсдийнх нь дэглэлт, найруулгатай жүжгээ толилуулж байгаад маш их талархалтай байна. Энэхүү бүжгэн жүжгээрээ иргэдэд урлагийн боловсролыг олгох, цаашлаад, оролцож буй хүүхдүүддээ өөртөө итгэх итгэл, тайзны соёл, бүжгийн спортыг таниулан, урлагийн өндөр мэдрэмжийг болгож байна гэж харж байна” гэв.
Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжимд дэглэн тавьсан тус балетыг анх 1892 онд Оросын хатан хаан Мария Александровнагийн нэрэмжит театрт тоглосноос хойш шинэ оны босгон дээр дэлхийн өнцөг булан бүрд хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хамт хөгжим, балет, тайзны урлагийн гайхамшгийг мэдрэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэн мартагдашгүй дурсамжийг бүтээдэг билээ.