Б.Мандахбилэг: Герман дахь монгол судлалын төвүүдээ бид их төсөв гаргаж дэмжих ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2024-12-29 14:52:11

-Монгол Улсын дипломат албаны өдөрт-


Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Б.Мандахбилэгтэй ярилцсанаа монгол улс тусгаар тогтнолоо тунхаглаж, төрийн таван яамаа байгуулсны 113 жилийн ойн энэ өдөр толилуулж байна.


-Бидний хүсэлтийг хүлээн авч, ярилцаж буйд тань юуны өмнө талархлаа илэрхийлье.

-Баярлалаа, Берлинд хүрэлцэн ирсэн та бүхэнтэй мөн баяртайгаар мэндчилье. 


-Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энэ оны эхнээс л өрнүүн, баялаг үйл явдалтайгаар тэмдэглэж байна. Манай улсын ЭСЯ ямар ажилд түлхүү анхаарч ажиллаж байна вэ?

-1974 оны 1 дүгээр сарын 31-нд, тэр үеийн БНМАУ, ХБНГУ буюу бидний хэлж заншсанаар, баруун Германтай хоёр улсын Засгийн газар ноот солилцоод дипломат харилцаа тогтоосон байдаг. Ноот солилцох тэр үйл ажиллагаа Лондонд болсон байдаг. Яагаад гэвэл, манайх Германыг Варшаваас хавсарч байсан. Зүүн Берлинд байсан ЭСЯ бол зөвхөн БНАГУ-аа хамаардаг байв. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлээд явж байна.


Хамгийн  үр дүнтэй том ажил гэх юм бол Монгол, Герман улс стратегийн түншлэл тогтоолоо.


ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ оны 2 дугаар сарын 7, 8-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзан стратегийн түншлэлийг тогтоож, гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Германы Гадаад хэргийн яамны төрийн сайд Тобиас Линднер нар тунхаглалд гарын үсэг зурсан.

Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор Германы одоогийн Ерөнхийлөгч Гадаад харилцааны сайд байхдаа манай улсад айлчилж байсан. Түүнээсээ 10 жилийн дараа дахин очсон нь бэлгэ дэмбэрэлтэй санагддаг.

Мөн Германы Цахим хөгжил, зам тээврийн сайд Ф.Вийсинг манай С.Бямбацогт сайдын урилгаар 3 дугаар сард айлчилсан. Манай улс газар зүйн байрлалын хувьд нэг талаараа таатай ч юм шиг, нөгөө талаараа таагүй ч юм шиг байршилтай шүү дээ. Тэгэхээр гадаад гарцаа нэмэгдүүлэхэд зам тээврийн салбар их чухал. Германы стратегийн түншийн хувьд энэ салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж дэмжлэг туслалцаа үзүүлэхийг бид хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу Германы Зам тээврийн сайд айлчилсан. Энэ үеэр авто тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр гадаад худалдаа нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм. Гэвч одоогоор Украин, Оросын мөргөлдөөнөөс болоод Европын холбоо, Монголын хооронд авто тээвэр явахад саадтай байгаа. Гэхдээ энэ дайн дуусахад энэ салбарын хамтын ажиллагаа улам өргөжих боломж бүрдэнэ.

Бас нэгэн гол салбар бол, та бүхний мэдэж байгаачлан Монгол, Германы хоорондох шууд нислэг юм. Берлин - Улаанбаатар чиглэлтэй байсан бол Улаанбаатар-Франкфуртын хооронд нислэг үйлдэж байна. Бид Германы талд зуны улиралд ч нислэгийн тоог нэмэгдүүлэхийг хүсдэг. Одоо бол долоо хоногийн зургаан өдөр нь онгоц нисэж байгаа. Энэ тоог зун улам нэмэгдүүлэх санал тавиад судалж байна.

Түүнчлэн олон сайхан үйл ажиллагаа манай соёл урлагийн салбарт хэрэгжүүлж байна. Манай соёлын элч нар их идэвхтэй ажиллаж байгаа. Одоогоор Германтай худалдаа, эдийн засгийн харилцаанд том амжилтад хараахан хүрээгүй. Газар зүйн байрлал, эрх зүйн орчин нөлөөлдөг.  Харин соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа их өргөн хүрээнд өрнөж байна.


х орноо гадаад улс оронд бүрэн эрхтэйгээр төлөөлж байгаа хүнийхээ хувьд ХБНГУ-д ажиллахдаа Та  юуг эрхэмлэж ажилладаг вэ?

иний гол зорилго бол харилцаа хамтын ажиллагааг чанарын шинэ шатанд гаргах байсан. Хоёр жил ажиллахдаа “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай байсныг “Стратегийн түншлэл болгож чадлаа. Энэ бол манай гуравдагч хөршийн бодлогод, Европын анхны орон манай стратегийн түнш болсонд олзуурхаж байна. Америк, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг улс стратегийн түнш байсан. Гуравдагч хөршүүдээс герман улс манай стратегийн түнш болсон нь миний ажлын гол үр дүн хэмээн бодож баясаж байна. Энэ нь Германы улс төрч, шийдвэр гаргагчидтай нягт хамтран ажилласны үр дүн юм. Мөн иргэдтэйгээ ойр дотно байж санал санаачилгыг нь дэмжих чиглэлээр ажиллаж ирлээ.

Өөр нэг жишээ дурдвал, 2020 онд герман улс манайд хөгжлийн тусламж олгодог байснаа зогсоочихсон байсан. Гайгүй хөгжчихлөө гэж үзсэнийх байх л даа. Харин би энэ хөгжлийн тусламжийг нь 2022 оны 6 дугаар сард сэргээлгэж чадсан. Хөгжлийн тусламж гэдэг нь үндсэндээ хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаас бүрддэг. Энэ хөгжлийн тусламж нь жилд 25 сая евро байдаг байсан бол, ирэх жилээс нэмэгдэн 2 жилийн хугацаанд нийтдээ 68 сая евро Монголын талд олгохоор болсон.


-Хоёр орны соёл урлаг, боловсролын хамтын ажиллагаа аятай таатайгаар өрнөж байна. Ер нь, хоёр орны харилцаанд эдийн засгаас гадна өөр ямар салбарт харилцаа, хамтын ажиллагаа сулавтар байна вэ, ямар салбарт өргөжүүлэх бололцоо байна гэж Та үздэг вэ?

-Ерөнхийдөө дээд түвшинд хоёр тал санал солилцоход, “Бүх салбарын хамтын ажиллагаа сайн хөгжиж байна. Гэхдээ эдийн засаг, худалдааны тал дээр нэмэлт нөөц байна” гэж цохон тэмдэглэж ирсэн. Тиймээс ирээдүйд энэ чиглэлээр илүү томоохон төсөл хэрэгжүүлбэл том ахиц гарах найдлага байгаа. Одоо бол, Германы талаас 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Өмнөговийн Ханбогдын салхин станцад оруулах нөхцөл уг нь бүрдчихсэн. Гэтэл манай ЭХЯ-ны зөвшөөрлийг хүлээгээд ерөнхийдөө хоёр жил болчихлоо.

Ялангуяа, Германд ногоон эдийн засгийг их дэмжиж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллая гэж байгаа. Манай улс энэ саналыг нь нааштай хүлээж авч хамтран ажиллах нь зүйтэй болов уу гэж би бодож байна.

-Монгол, Герман 2 орны ард түмний бие биеэ ойлгон нөхөрлөх, найрсаг дотно харилцааны үндэс суурийг нэгэн зууны өмнө "40 сурагч" бахархалтай сайхан тавьж өгсөн байдаг. ХБНГУ-ын хувьд монголчууд яг ямар хамтрагч нь вэ?

-Бид Германд нэр хүнд сайтай, дээгүүр эрэмбэлэгдэж байгаа. Герман улс Монгол Улсыг өөрийнхөө стратегийн түнш гэж үнэлж үзэж байгаа нь манай зиндаа өмнөхөөсөө нэмэгдсэн гэж бодож байгаа. Яах вэ зүгээр, түүхэн зурвасыг харах юм бол социализмын үед бол БНАГУ, БНМАУ бол маш нягт хамтын ажиллагаатай байсан. Чанарын хувьд, тооны хувьд ч их сайхан хамтын ажиллагаатай байсан. Одоо ч гайгүй хөгжиж байгаа гэж боддог хэвээр. Хуучин социализмын үед ажиллаж байсан хүмүүс тэр сайхан хамтын ажиллагаагаа нэлээн санагалздаг байж магадгүй. Монголд зүүн Германыхан их юм бүтээн байгуулж өгсөн шүү дээ. Мах комбинат, Борнуурын сангийн аж ахуй, Улаанбаатарын хивсний үйлдвэр гэх мэтчилэн. Энэ сайхан уламжлалдаа бид тулгуурлаад цаашаа хамтран ажиллах боломж байгаа гэж үзэж байгаа.



-Герман улсад 7000 монгол иргэн байгаа гэсэн шүү дээ. Эдгээр иргэн маань энд ямар ажил эрхэлж байна, хэчнээн оюутан ямар чиглэлээр сурч байна вэ?

-Энэ 7000 гаруй иргэний дунд олон давхаргын төлөөлөл байна л даа. Берлинд 2000, тэгээд умард муж улсуудад монголчууд нэлээд төвлөрсөн байгаа. Герман хүнтэй гэр бүл болсон хүмүүс ч байдаг. Нэлээн их хэсэг нь оюутан. Мөн энд ажил эрхэлж байгаа хүмүүс байна. Цөөн хэдэн хүн хувийн бизнес эрхэлж байна.

Амжилттай яваа хүмүүсийг дурдах юм бол, монгол эмч нар юм. Улаанбаатарт Анагаахын дээд төгссөн, эсвэл Германд анагаахын чиглэлээр сурсан хүмүүс байна л даа. Германд эмч нарын дутагдалд орчихоод байгаа учраас энд ажлын байр олдох нь элбэг байдаг.

Нэг асуудлыг хөндөхөд, амьдралын шаардлагын дагуу жилд 50 хүн Монголын харьяатаас гардаг байсан. Ингээд бодоход, сүүлийн 20 жилд маш олон хүн Монголын харьяатаас гарсан байна.

Харин Герман улс энэ оны 6 дугаар сараас нэг хууль хэрэгжүүлээд эхэллээ. Тэр нь давхар иргэншлийг Герман улс зөвшөөрсөн. Ингэснээр бид монгол иргэдээ ингээд шууд алдаад байхгүй, сайхан боломж гарч байна гэж бодож байна.


Оюутнуудын хувьд, Германд улсын их, дээд сургуульд суралцахад үнэ төлбөргүй, эсвэл маш бага төлбөртэй. Тиймээс манай залуучууд Германд ирж их, дээд сургуульд сурч байна. Өөрийн хувийн зардлаар ч сурч болно. Хажуугаар нь хөдөлмөр эрхлэх боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтээр ноднин техник, инженерийн чиглэлийн 39 оюутан ирчхээд байгаа. Энэ жил мөн хөтөлбөрийн хүрээнд 33 хүн ирэхээр болсон. Ардчилсан герман улсын боловсролын салбарт манай 20 000  хүн их, дээд сургууль, коллежид суралцсан байдаг юм. Энэ сайхан уламжлал цааш үргэлжлэх сайхан боломжийг нээж өглөө.


-Монгол эмч нар ирээд нэлээн амжилттай ажиллаж байна гэсэн шүү дээ. Аль чиглэлийн эмч нар илүү зонхилж байна вэ?

-Польшид уламжлалт анагаах ухааныхан дагнасан байдаг бол энд бүх чиглэлийн эмч нар байна л даа. Уламжлалт анагаах ухааны төдийгүй элэг, зүрх, үе мөчний мэс заслын эмч нар ч энд ажиллаж байна. Берлинд л гэхэд 10 гаруй эмч ажиллаж байна. Тэдний дунд шүдний эмч, дотрын эмч ч бий. Тэд нараараа их бахархдаг даа. Монгол иргэд маань тэдэн дээрээ очиж эмчлүүлэх нь элбэг байдаг юм билээ.


-Германд монгол судлал шинжлэх ухааны бие даасан чиглэл болгон хөгжүүлэх үндсийг тавьж, Европ төдийгүй дэлхий дахинд хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Вальтер Хайссиг, Эрих Хэниш гэх зэрэг гарамгай эрдэмтдийн өлгий нутаг бол Герман орон шүү дээ. Тэдний хойч үе, залуу халаа хэрхэн бэлтгэгдэж байна вэ? 

-Герман бол үнэхээр монгол судлалыг эрт дээр үеэс хөгжүүлсэн Европын том бааз суурь нь байсан. БНМАУ-ын үед БНАГУ-ын нутаг дэвсгэр дээрх их сургуулиуд дээр монгол судлалыг хөхиүлэн дэмжиж байсан. Берлиний Хумбольдтын их сургууль, Лайпцигийн их сургууль дээр монгол судлалын тэнхимтэй,  мөн хэд хэдэн профессор багштай байсан. Харамсалтай нь, зах зээлийн нийгэмд шилжээд төрийн дэмжлэг туслалцаа нь үнэхээр хүрэлцэхгүй болчихсон. Энэ нөхцөлд сэтгэлийн дэмээс гадна үнэхээрийн санхүүгийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй гэж ойлгогдож байгаа.

Хумбольдтын их сургууль дээр зөвхөн хагас цалинтай доцентын орон тоог хадгалж үлдсэн. Лайбцигт яг монгол судлалын хүн нь байхгүй ч төвөд судлалын багш нь монгол судлалыг хавсарч байгаа. Баруун Германд Бонны их сургууль дээр Монгол судлалын тэнхимд нэг профессор байгаа. Мьюнхенд монгол хэлний хичээл ордог. Доод Саксон муж улсын их сургуульд номын сан бий. Герман дахь Монгол судлалын энэ хэдэн төвөө бид их төсөв гаргаж байж л дэмжих ёстой юм билээ. 2012 онд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Бонны их сургуульд айлчлахдаа профессорынх нь цалинг Монгол Улс гаргая гэж амлаад энэ нь эхний нэг, хоёр жилдээ л  хэрэгжээд цааш нь үргэлжлээгүй. Тиймээс үүнийг зөв бодлогоор бүх их сургууль дээр нь биш юм гэхэд Берлин, Боннд нь төвлөрүүлээд дэмжээд явах ёстой гэж би бодож байна.


- Монголдоо аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч Монгол судлал чухал үүрэгтэй санагддаг ...

-Бид сурталчилгааныхаа ажлыг зөв хэрэгжүүлэх ёстой юм билээ. Ялангуяа, Монголын соёл урлаг, аялал жуулчлалыг сурталчлах чиглэлээр Германы хүн амд олон нийтэд хандаж ажиллах нь илүү үр дүнтэй. Энэ нь эцсийн үр дүндээ монгол судлалдаа сайнаар нөлөөлөх боломжтой. Монгол гэж ийм сайхан орон байдаг юм байна. Эртний түүх дурсгалтай, агуу соёл, иргэншилтэй юм байна, үүнийг нь илүү судлах ёстой юм байна гэсэн бодол төрнө шүү дээ.


-Та Германд олон жил амьдарч байна. Герман хүмүүсийн ямар зан чанар нь танд илүү эрхэм санагддаг вэ?

-Герман хүмүүс бол ажилсаг, цагаа барьдаг, хэлсэн амандаа хүрдэг, худлаа ярьдаггүй зэрэг хэдэн сайхан зан чанартай улс. Яг өөрийнхөө хийх ёстой юмыг 100 хувь чанартай сайн биелүүлдэг. Мэдэхгүй, чадахгүйгээ үнэнээр нь хэлдэг. Герман чанар нь үндсэндээ тийм юман дээр л тогтож ирсэн гэж би боддог. Чадахгүй юмаа чадна гэж хэлээд, чанаргүй юм хийгээд будилуулдаг тал бий шүү дээ. 

Хүүхдээ орой 19:30 – 20:00 цагт оронд нь оруулаад унтуулдаг. Өглөө эрт 05:00, 06:00 цагт босгоод цэцэрлэг, сургуульд нь явуулна. Тийм хатуу дэглэм, сахилга батад анх багаас сургадаг юм билээ. Энэ хүмүүжлийг, сахилга батыг эцэг эхээс нь гадна цэцэрлэгийн боловсролоор олгодог гэж ойлгосон. Усаа хэмнэх, сургууль, цэцэрлэгийн коридороор хэрхэн явах, автосус, лифтэнд хүн буусны дараа орохыг хүртэл цэцэрлэгээс нь заагаад эхэлдэг юм билээ.


-Монголд хэчнээн Герман иргэн амьдардаг вэ?

-Миний барагцаагаар, 100 гаруй байх гэж бодож байна. Үүнд ЭСЯ-ны 20-30 хүн байгаа байх. Тэгээд Германы хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс байна. Их сургуулиуд дээр зарим нэгэн эрдэмтэн профессор, герман хэлний багш нар байна. Герман хэлний сургалттай дунд сургуулиудад хоёроос гурван герман багшийг Германы төрөөс санхүүжүүлээд ажиллуулж байгаа. Налайхад Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, техник технологийн  их сургуульд хэдэн профессор багш байгаа.


-За баярлалаа. Танд Монгол Улсад Дипломат албыг үүсгэн хөгжүүлсний 113 жилийн ойн өдрийн мэнд дэвшүүлье.




 

Холбоотой мэдээ