БАЯНХОНГОР: "Үндэсний бичгээ өв тэгш суръя" уралдаанд 1450 сурагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-30 13:02:41

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. "Үндэсний бичгээ өв тэгш суръя" уралдааныг энэ оны 9-12 дугаар сар хүртэлх хугацаанд 3 үе шатаар зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулж урамшууллаа.


Аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургуулийн долоодугаар ангиудын анги нийтийн дунд зохион байгуулдаг тус уралдаанд 53 анги бүлгийн 1450 гаруй суралцагч оролцсон байна.


Уралдааны нэгдүгээр шат хөрвүүлэн бичих чадварыг сорьсон даалгаврыг 53 анги бүлэг гүйцэтгэж, 70 сурагч 100 хувийн гүйцэтгэлтэй байсан бол хоёрдугаар шат унших чадварын уралдаанд хурдан уншлагыг 1 минутын хугацаанд гүйцэтгэж, 180 буюу түүнээс дээш үг уншсан сурагчдыг маш сайн гэж үнэлжээ. Харин уралдааны гуравдугаар шат буюу хичээнгүй сайхан бичих чадварын уралдаанд "Миний нээсэн эх орон" эхийг хангалттай сайн бичсэн 32 сурагчийг 5 оноогоор дүгнэсэн байна.


Анги нийтээрээ үндэсний бичгээ хичээнгүйлэн сурч, унших, бичих чадвараа ахиулж, хоцрогдлоо арилган хамтдаа хөгжиж, үе шат бүрийг амжилттай гүйцэтгэсэн 7 дугаар ангийн суралцагчдаас эхний 10 байрт:
- Бөмбөгөр сумын ЕБС-ийн 7Б ангийн 16 сурагч, бэлтгэсэн багш Н.Хандсүрэн
- Номундалай сургуулийн 7А ангийн 37 сурагч, бэлтгэсэн багш Б.Оюунчимэг
- Эрдэнэмандал сургуулийн 7Г ангийн 29 сурагч, бэлтгэсэн багш Х.Мөнхнасан
- Номгон сургуулийн 7Б ангийн 34 сурагч, бэлтгэсэн багш Д.Оюун-Эрдэнэ
- Номундалай сургуулийн 7Ж ангийн 45 сурагч, бэлтгэсэн багш С.Хандаамаа
- Галуут сумын ЕБС-ийн 7Б ангийн 24 сурагч, бэлтгэсэн багш Г.Лэгшид
- Номундалай сургуулийн 7Ё ангийн 35 сурагч, бэлтгэсэн багш Д.Болормаа
- Шаргалжуут 8-р багийн сургуулийн 7А ангийн 13 сурагч, бэлтгэсэн багш Э.Анхдалай
- Номундалай сургуулийн 7Д ангийн 35 сурагч, бэлтгэсэн багш Б.Даваадолжин
- Төгс Алгоритм сургуулийн 7Б ангийн 20 сурагч, бэлтгэсэн багш Г.Энхтуяа нар шалгарчээ.


Сурагчдын үндэсний бичгээр зөв тод, алдаагүй унших, хичээнгүй сайхан бичих, кирилл бичгээс үндэсний бичигт хөрвүүлэн бичих чадварыг дээшлүүлэх, анги хамт олноороо хамтдаа хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний бичиг, үсгээрээ бахархах, тэдний сурах арга барил, идэвх сонирхлыг дэмжих зорилготой тус уралдаан уламжлал болон зохиох юм.

Холбоотой мэдээ