ЗАВХАН: Хэл хуур хөгжмийг өвлүүлж таниулах ажлыг хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025
оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймаг хэл хуур урлаач,
тоглооч өвлөн уламжлагчдыг бүртгэж, хэл хуурыг хүүхэд залууст таниулах үйл
ажиллагааг явуулна.
Аймгийн хэмжээнд бүртгэлтэй хэл хуур хөгжмийг урлаач,
тоглооч өвлөн уламжлагч цөөн байдаг. Тиймээс энэ онд хэл хуур хөгжмийг залуу
хойч үедээ таниулах, өвлөн уламжлагчдын тоог нэмэх ажлыг бодлогоор дэмжихээр
төлөвлөсөн байна. Мөн 24 сумын хэл хуур урлаач, тоглооч өвлөн уламжлагчдыг
бүртгэлжүүлэх ажлыг хийж байна.
Хэл хуур хөгжмийн зэмсэг ямар үндэстнээс үүсэлтэйг албан ёсоор тогтоогоогүй ч манай улсад уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн нэгэнд тооцдог. Бөө мөргөлийн зан үйлд ихэвчлэн хэрэглэгддэг байсан. Одоо ч хэрэглэж байгаа хөгжмийн зэмсэг юм.
Уян харимхайн хүчийг ашиглан
бүтээсэн хөгжмийн зэмсгүүдийн нэг нь хэл хуур юм. Орчин цагт хэл хуурыг аман
хуур хэмээн эндүүрэх нь ч бий. Угтаа хуурын дунд хэсэгт байрлах чичирхийлэн хөдөлж,
авиа гаргадаг хэсгийг хэл хэмээдэг бөгөөд үүнээс нь үндэслэн хэл хуур хэмээн
нэрийдсэн байдаг. Харин хулсан болон ясан, төмөр хуур гэдэг нь хийсэн
материалын онцлогоос хамаарч ангилан ялгасан нэршил юм.
Завхан аймгийн хэл хуурчид гарын таван хуруунд тоологдох цөөн хүн бий. Хэдэн үе дамжин өвлөн уламжлагчдын нэг нь хэл хуурыг язгуураар нь татаж буй Отгон сумын өвлөн уламжлагч, өндөр настан Д.Цэрэндаваа юм.
Өнгөрсөн жил Монголд анх удаа хэл хуурчдын чуулганыг Соёлын өвийн үндэсний төвд зохион байгуулсан. Энэ чуулганд тус газрын Урлаг, уран бүтээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунбаяр ахалж, Отгон сумын хэл хуур урлаач, өвлөн уламжлагч өндөр настан Д.Цэрэндаваа чуулганы хамгийн ахмад оролцогч, өвлөн уламжлагч болж оролцсон.
Мөн Алдархаан сумын хэл хуур урлаач,
өвлөн уламжлагч Ж.Оюун, Идэр сумын хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, хэл хуур судлаач
Ч.Баяржаргал нар амжилттай оролцоод ирсэн.
Энэ чуулганаар
хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач,
урлаачдыг бүртгэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх. Хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах,
хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлэх. Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийх. Хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын
стандартыг бий болгох алсын харааг тогтоох гэхчлэн чухал асуудлуудыг
ярилцсан юм. Түүнчлэн чуулганыг цаашид жил бүр зохион байгуулж, идэвхтэй үйл
ажиллагаа явуулж, гадаад харилцаагаа тэлж, өвлөн уламжлагчдаа дэлхийд гаргах
зорилго тавихаар тогтсон юм.
Тиймээс бид орон нутагтаа дээрх бодлогын хүрээнд соёлын үнэт өв болсон хэл хуурыг сурталчлан таниулах. Хэл хуурчдыг бүртгэлжүүлэх. Хэл хуурыг язгуураар нь татах уламжлалыг залуу хойч үед таниулж өвлүүлэх олон талын үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ. Монголчуудын, ялангуяа угсаатнуудын соёл бол бид бүхний үнэт өв юм. Үүнийг зайлшгүй авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах нь бидний нэн тэргүүний чухал ажил юм гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам мэдээлэв.
Хэл хуурчдын анхдугаар чуулганд Завхан аймгаас оролцогчид