ДОРНОГОВЬ: Өнгөрсөн онд 46 өрхийг малжуулах төсөлд хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлт нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээнд тулгуурладаг онцлогтой.
2023 онд 249 мянга гаруй толгой мал тоолуулж аймагтаа хоёрдугаар байрт, нэг хүнд ногдох малынхаа тоогоор аймагтаа тэргүүлж байсан хэдий ч өнгөрсөн жилийн өвлийн зуднаар малын тоо толгой огцом буурч, малчид өөр ажил хийхээр нутгаасаа шилжин суурьших, үүнээс үүдэж нутаг орон эзгүйрэх байдал гарч байна.
Тиймээс сумын ЗДТГ, аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар хамтран зуднаар малгүй болсон 35 өрхийг малжуулах төсөлд хамруулжээ. Харин аймгийн ЗДТГ-аас дотоодын нөөц боломжид тулгуурлан 11 айлыг малжуулах төсөлд хамруулсан байна. Ингэснээр зудын улмаас малгүй болсон дээрх өрхүүд мал маллаж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрджээ.
Тус суманд “Дэлгэрэхийн улаан” ямаа, хурдны угшлын Галсанбанди, Дэндэв тайж адуу хийгээд, аймгийн есөн гайхамшгийн нэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий Цонжийн чулуу, Монголын найман үеийн отчийн авшиг шингээсэн Жингэр тэмээтийн уулын агуй, Маналын найман суварга гээд түүхэн дурсгалт газар олон байдаг.