ГОВЬ-АЛТАЙ: Сумдын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хууль баталсны 33 жилийн ойн хүрээнд сумдын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна.
Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хууль баталсны 33 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар нэгдүгээр сарын 13-ны өдрийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэхүү тэмдэглэлт өдрийг угтаж аймгийн ИТХ-аас шинэ оны эхний сургалтыг сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж байна.
Сургалтаар ардчилсан үндсэн хуулийн үзэл санаа түүний ач холбогдол,Төрийн албан хаагчийн ёс зүй, Авлигын эсрэг хууль, Хүний эрх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар мэдээлэл өгч байна. Мөн түүнчлэн аймгийн “Ногоон бүс” арга хэмжээний талаар, Орон нутгийн хамгаалалт, аюулгүй байдал, Төрийн аудитын тухай хууль ба төсвийн төлөвлөлт, хэрэгжилтэд анхаарах асуудлууд, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн талаарх мэдээ, мэдээллүүдийг хүргэхээс гадна хувь хүний хөгжлийн тухай сургалтыг төлөвлөж оруулсанаараа онцлогтой гэдгийг тус аймгийн ИТХ-аас мэдээллээ.
Үүний сацуу өдрийг угтан хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулж байна.