БАЯНХОНГОР: Өвөлжилт хүндэрсэн сумдад малын эрдэс тэжээлийн багц хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудын эрсдэл хамгийн их гарсан аймгуудад малын эрдэс тэжээлийн багц (долооц, загасны тос, туурайн тос, нүдний тос, амин тун) хүргэхээр илгээсэн. Мөн сонгогдсон өрхүүдэд 550 мянган төгрөгийг дэмжлэг болгон малчдын дансанд шилжүүлж буй.
Энэхүү тусламж Баянхонгор аймгийн 180 малчин өрхөд хүрэх бол улсын хэмжээнд 11 аймгийн 1000 малчин өрхөд очих юм. Аймгийн Улаан загалмай хороо энэ сарын 17-23-ны хооронд малчны хотонд тусламжийг хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Хүмүүнлэгийн тусламж хүлээн авах малчин өрхийг сонгохдоо, хонин толгойд шилжүүлснээр 400 хүртэлх малтай малчин өрх, ган, зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотойгоор отроор өвөлжиж буй малчин өрх, жирэмсэн эсвэл хөхүүл ээжтэй гэр бүл, 16 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 16 хүртэлх насны 5 ба түүнээс дээш хүүхэдтэй малчин өрх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй малчин өрх гэсэн үзүүлэлтийг шалгуур болгожээ.
Баянхонгор аймгийн 20 сумын 103 багийн 12.9 мянган малчин өрхөд 3.9 сая гаруй мал өвөлжиж, хаваржина. Ямаа 2.3 сая, хонь 1.2 сая буюу 3.5 сая мал нь бог бол үлдсэн хувь нь бод мал байна.
Тус аймаг нь 8.8 сая га бэлчээрийн талбай, 10.4 мянган га хадлангийн талбай, 316 мянган га отрын нөөц талбайтай. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл, нийт нутгийн 38.2 орчим хувьд бэлчээрийн даац хэвийн, харин 61.8 хувьд хэтэрч гарчээ.