БАЯНХОНГОР: Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Шинэ үндсэн хууль баталсны 33 жилийн ойн өдөр Баганат талбайн Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөлөө. Ёслолд Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, төрийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
БНМАУ-ын АИХ-ын 430 депутат хоёр сар гаруй /76 хоног/ хугацаанд хуралдаж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ үндсэн хуулийг баталсан байдаг. Үндсэн хуулийн төслийг Монгол Улсын анхны байнгын парламент болох Улсын Бага Хурал боловсруулж, бүх ард түмнээс санал авсны үндсэн дээр баталсан нь Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийх шинэ Үндсэн хуульдаа нийцүүлэн бусад салбар хуулиудаар хүний эрхийг илүү баталгаажуулж өгөх боломж нээжээ.
Тухайн үеийн Ардын Их Хуралд 2000 гаруй хүн өрсөлдөж, 430 депутат сонгогдож байсан бөгөөд дийлэнх нь сум нэгдлийн дарга нар байв. 430 депутатаас ес нь эмэгтэй байсан бөгөөд их эмч, сэтгүүлч, малчин, нийтийн хоолны мэргэжилтэн эмэгтэйчүүд байсан байна. Хэдийгээр цөөн эмэгтэй байсан ч Үндсэн хуулийн өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн дуу хоолой, үзэл санааг тусгахад тэдний үүрэг оролцоо өндөр байсныг өдгөө дурсдаг.
Шинэ үндсэн хуулийг батлахад Баянхонгор аймгийг төлөөлөн:
Өлзийт сумаас – Ц.Очирбал /тус сумын Нэгдлийн дарга/
Жинст сумаас - Б.Сангисэрээ /малчин/
Богд сумаас – Р.Доржбат /МУСГЗ, Монголын радиогийн нэвтрүүлэгч/
Баянлиг сумаас – Ч.Батболд /тус сумын Нэгдлийн дарга/
Баянговь сумаас - Л.Дүйсэнсанги /малчин/
Шинэжинст сумаас - Д.Жагварал /тус сумын АДХГЗ-ны дарга/
Баян-Өндөр сумаас - Б.Чойжилсүрэн /МАХНТХ-ны ХШК-ын дарга/
Баянцагаан сумаас - М.Жадамбаа /тус сумын Нэгдлийн дарга/
Баацагаан сумаас - Л.Баяндалай /тус сумын Нэгдлийн дарга/
Бууцагаан сумаас - Т.Ширмэн /тус сумын Нэгдлийн дарга/
Бөмбөгөр сумаас - Э.Сандуйжав /аймгийн МАХН-ын хорооны дарга/
Хүрээмарал сумаас - Т.Төмөрбаатар /аймгийн АДХГЗ-ны дарга/
Баянбулаг сумаас - Н.Сэндэнжав /МАХН-ын ТХ-ны хэлтсийн эрхлэгч/
Гурванбулаг сумаас - О.Нямдаваа /тус сумын Нэгдлийн дарга/
Заг сумаас - Г.Жадамбаа /тус сумын Нэгдлийн дарга/
Жаргалант сумаас - Т.Галсан /тус сумын САА-н дарга/
Галуут сумаас - А.Рэгзэн / тус сумын Нэгдлийн орлогч дарга/
Баян-Овоо сумаас - Г.Бүдээ /МАХН-ын хорооны дарга/
Эрдэнэцогт смуаас - Л.Пүрэвгял /тус сумын Нэгдлийн дарга/
Баянхонгор сумаас - Б.Искра /Барилга трестийн дарга/
Д.Марав /хүний их эмч/ нарын 21 депутат сонгогдон ажиллаж байжээ.