Парисын гэрээнээс гарвал АНУ өөрөө хохирно
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сүүлийн дөрвөн жилд буюу Жо Байдены үед АНУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр эргэлт буцалтгүйгээр шийдэж, агаар мандалд хаягдаж буй нүүрсхүчлийн хэмжээг багасгах, цахилгаан автомашин, цэвэр эрчим хүчинд шилжих, “ногоон технологийн” салбарт Хятадтай өрсөлдөхөд зориулан Конгресс хэдэн зуун тэрбум долларыг баталж өгсөн билээ.
Харин дөнгөж тангараг өргөсөн
даруйдаа шинэ Ерөнхийлөгч Д.Трамп уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргах
тухай зарлигт гарын үсэг зурсан
төдийгүй салхин сэнс босгох ажлыг зогсоож, цахилгаан автомашины
үйлдвэрүүдэд олгож буй татаасыг цуцалж, сэргээгдэх эрчим хүчний оронд нефть,
хий гэх мэт ашигт малтмалуудыг “моодонд оруулах”-аар шийджээ.
Гэтэл тэрбээр түүхэн дэх хамгийн халуун жил болох 2024 онд сонгуульд ялсан билээ. Тэгээд ч сүүлийн 10 жилд манай гараг дэлхий урьд хожид үзэгдээгүйгээр их халж байна. Агаар мандалд нүүрсхүчлийн хий асар ихээр хаягдаж байгаа тул Парисын гэрээнд заасанчлан дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад +2 хэмээс хэтрүүлэхгүй барих гэсэн зорилт биелэх эсэх нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Яг ийм үед Трамп Парисын гэрээнээс татгалзлаа.
Уур амьсгалын өөрчлөлт нь
байгалийн гамшигт үзэгдлүүд, ядуурал, цагаачлалыг араасаа дагуулсаар байгааг хүн бүр харж байна. Загварчлалд суурилан хийсэн эрдэмтдийн тооцооллыг
үзвэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн 1929 оны Их хямралаас учирсантай
дүйцэхүйц хэмжээний хохирлыг дэлхийн эдийн засаг амсахаар байна. Тодорхой хэлбэл, дэлхийн ДНБ жил бүр 10
хувиар хумигдахаар байна.
Хохирлын хэмжээ зарим салбарт хэдэн зуун тэрбум ам.долларт хүрч магадгүй
болжээ. Анх 2016 онд Цагаан ордонд ирснийх нь дараа эдгээр тооцоог Д.Трампад
танилцуулахад тэрбээр “Би үүнд итгэхгүй байна” хэмээн товчхон хариулж байв.
Парисын гэрээнээс түр завсарлага
авсан нь
Трампын үг, үйлдэл хоёр нь зөрдөггүй гэдгийг хүмүүс сайн мэднэ. Эхний бүрэн эрхийнхээ хугацаанд Д.Трамп улс орноо Парисын гэрээнээс түвэггүйгээр ноцтой үр дагаваргүйгээр гаргасан. Харин Ж.Байден Цагаан ордонд ирсэн даруйдаа АНУ-ыг Парисын хэлэлцээрт буцааж оруулсан бөгөөд дараа нь “Инфляцыг бууруулах тухай хууль” /IRA/ гэдэг нэртэй “ногоон шинэчлэл”-ийн багц хөтөлбөрийг Конгрессоор батлуулсан юм.
Харин одоо Трамп энэ хоёр
шийдвэрийн аль алиныг нь цуцлах гэж байна.
Гэхдээ Парисын гэрээнээс гарах нь
IRA-г цуцлахаас хамаагүй хялбар. Трамп улам цаашилж, гэрээнээс гарсныхаа дараа Конгрессоор батлуулсан Уур
амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцыг хүчингүй болгож мэдэхээр байна.
Үүний улмаас уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцлийн эгнээнд АНУ сүүл
мушгих бөгөөд дараагийн ерөнхийлөгч гарч ирээд үзэгний үзүүрээр улс орноо гэрээ,
конценцод буцаагаад нэгтгэх боломжгүй. Учир нь, суурь конвенцыг Конгрессоор дахин
батлуулах шаардлагатай.
Дэлхийн хамгийн том эдийн засаг
болох АНУ нүүрсхүчлийн хаягдлаа багасгахаас татгалзсаныг хөгжингүй ба хөгжиж буй
орнууд даган дуурайж, төлөвлөгөөгөө өөрчлөх аваас манай гараг дэлхийд тун сөрөг
нөлөөтэй.
IRA-г өөрчлөх амаргүй
Улс орны эдийн засгийг орчин
үеийн чиг хандлагад зохицуулан өөрчлөхөд чиглэсэн энэхүү хөтөлбөрөө Ардчилсан
намынхан “Шинэ ногоон чиг бодлого” гэж нэрлэдэг. Энэ нь 1930-аад оны Их хямралын
үр дагаврыг арилгахын тулд
ерөнхийлөгч асан Франклин Рузвельтийн санаачилсан “Шинэ чиг бодлого”-той ижил
төстэй шинэчлэлийн хөтөлбөр ажээ.
Харин Трамп IRA-г “Шинэ ногоон луйвар” хэмээн доромж утгаар нэрлэдэг бөгөөд салхин сэнс босгох, цахилгаан машинд татаас олгох хөтөлбөрүүдийг зогсоож, олборлодог түлш буюу газрын тос, хийн олборлолт ба цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээ амласныг дээр дурдсан. Тэрбээр үүнийгээ баталж “Өрөмдөөд бай хүү минь, өрөмдөөд бай” гэдэг алдарт үгээ хэлсэн билээ.
Ялангуяа салхин сэнсэнд Трамп тун дургүй. Энэ сэдвээр ярих бүрдээ тэрбээр “салхин сэнснүүд далай тэнгисийн шувууд, халимнуудын амьдрах орчныг түйвээж байгааг” дурддаг бөгөөд Ерөнхийлөгчийн албан тушаалд орсон эхний өдрөө л салхин сэнс босгохыг хориглоно гэдгээ мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, лиценз олгохыг зогсоогоод экологийн үнэлгээ хийлгэхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн цахилгаан машины батарей нь хүрээлэн буй орчинд хөнөөлтэй, цахилгаан машин нь Америкийн автомашин үйлдвэрлэлийн салбарыг сүйрүүлнэ гэж Трамп ярьдаг бол түүний баруун гар болох И.Маск цахилгаан машин үйлдвэрлэгч Америкийн хамгийн том компани болох Теслагийн эзэн билээ.
Ер нь бол, цахилгаан автомашин ба зай хураагуур үйлдвэрлэхэд олгож
буй татаасыг цуцлах нь томоохон компаниудад хүнд цохилт болно. Учир нь, IRA-гийн
хүрээнд цахилгаан автомашин худалдан
авахад 7,5 мянган долларын, дулааны цахилгаан насос худалдан авахад 14 мянган
долларын татаасыг худалдан авагчдад олгож байгаагийн зэрэгцээ айл өрхүүдэд
суурилуулсан нарны хавтангийн үнийн бараг 1/3-тэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг
олгож байгаа юм. Тэгэхээр Трампын арга хэмжээнүүд нь олон сая сонгогчийг
ихээхэн гонсойлгохоор харагдаж байна.
Ер нь IRA-гийн гол зорилго бол
“ногоон” технологийг бий болгож, “ногоон” бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй
дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих явдал юм. Энэ салбарт одоогоор Хятад улс тэргүүлж байгаа бөгөөд
Хятадын бараанд өндөр татвар ногдуулах замаар “далавчийг нь тайрах” хүсэлтэй
Трампын хувьд IRA-г цуцлах нь
логикийн хувьд зөрчилдөж байгаа юм.
Галт тэрэг хэдийн хөдөлжээ
Гэхдээ бүх зүйл Трампаас шалтгаалахгүй
ээ. Дэлхийн “ногоон хувьсгал”-ын галт тэрэг хэдийнэ замдаа гарч, хурдаа нэгэнт авчээ.
Трампын тааллаар дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ замын дундаас галт
тэрэгнээс үсрэн буулаа ч гэсэн галт тэрэгний цуваа деподоо буцаж ирэхээргүй
болсныг шинжээчид хэлж байна.
“Трамп эргэж ирснээр дэлхий даяар
явагдаж буй ногоон шилжилт зогсохгүй. Цэвэр эрчим хүчний өртөг буурч, өрсөлдөх
чадвар нь дээшилсээр байна. Өнөөдөр улс төр бус харин эдийн засаг л цаашдын чиглэлийг
тодорхойлж байна” гэж Asia Society Policy хүрээлэнгийн Хятад дахь салбарын
захирал Ли Шуо дүгнэн хэллээ. “Трамп анх ялж байсан 2016 оноос ялгаатай нь
гэвэл, ойрын хугацаанд бид асуудлыг шийдэж чадна, харин урт хугацаанд бий болох
үр дагавар нь миний санааг зовоож байна” гэж тэрбээр ярьж байна.
Энэ нь юуны түрүүнд уур амьсгал судлалтай холбоотой. Бусад улстай харьцуулахад АНУ шинжлэх ухааны судалгаанд хамгийн их хөрөнгө зарцуулдаг бөгөөд дэлхийн хэмжээний төслүүдэд зарцуулах мөнгөтэй бөгөөд амбицтай цөөхөн улсуудын нэг гэдгийг Berkeley Earth хүрээлэнгийн ажилтан Роберт Роде дурдлаа.
Гэтэл Трампын үед уур амьсгалын судлалын салбар “моодноос гарч”, төрийн санхүүжилт сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшинд хүртлээ танагдав. Залуу эрдэмтнийг бэлтгэхэд 4-7 жил, дараа нь түүнийг томоохон судалгааны ажил хийх чадвартай болгоход дахиад хэдэн жилийн хугацаа хэрэгтэй байдгийг тооцож үзвээс санхүүжилтийг танах нь урт хугацаандаа багагүй хохирол учруулна.
Р.Родегийн үзэж байгаагаар, Трампын ерөнхийлөгчөөр ажиллах ирэх 4 жилийн хугацаанд нөхцөл байдал ерөнхийдөө өөрчлөгдөхгүй боловч глобал хүрээнд дэлхийн дулааралтай хийж буй тэмцлийн эрч саарна. Магадгүй Европын Холбооны манлайллын дор тэмцэл үргэлжлэх байх, гэхдээ АНУ энэ үйл явцын гадна үлдэж байгаа учраас олон улсын хэмжээний томоохон гэрээнүүд байгуулах магадлал бага гэдгийг Р.Роде дурдлаа.
Трампын шийдвэрийг Парисын гэрээг
санаачлагчдын нэг болох ерөнхийлөгч асан Барак Обама буруушааж, гэрээнээс
гарснаараа Трампын засаг захиргаа ирээдүйгээ үгүйсгэж байна гэжээ. Францын
Ерөнхийлөгч Э.Макрон хэлэхдээ “уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухайд ямар
нэгэн эргэлзээ байх ёсгүй, “Б” гараг дэлхий гэж байхгүй учраас “Б” төлөвлөгөө
гэж байх ёсгүй" гэжээ.
Трампын шийдвэрээс болж хамгийн
түрүүнд ашиггүй байдалд орох улс бол АНУ өөрөө байж магадгүй. “Тус улс цэвэр
эрчим хүчний технологийн өрсөлдөөнд ялах тухай ярих ч хэрэггүй болно. Трампын энэ “түр завсарлагаа”-ны төлөөсөнд америкчууд ирээдүйн
технологийн салбарт өрсөлдөх чадвар ба ажлын байруудаа алдсанаар харамсах үе ирж
ч магадгүй гэдгийг Принстоны их сургуулийн профессор Навроз Дубаш сануулж
байна.
“Хэрэв экологийн цэвэр эрчим хүчний төлөөх дэлхий дахины өрсөлдөөнөөс Трамп улс орноо гаргах аваас АНУ өөрөө л хохирно. Харин энэ үйл явцыг анх эхлүүлж чадсан нь хожих болно”.
Эх сурвалж: ВВС