Завханы хүүхдүүд дэлхийн шатрын мастеруудтай онлайнаар тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-22 17:15:04

Завханы 11000 шатарчин хүүхэд Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элсжээ.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав 2008-2012 онд Завханы Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа эхлүүлж байсан гурван тулгуурт бодлогын хүрээнд Завханы хүүхдүүд шатрын спортыг бодлогын хүрээнд амжилттай хөгжүүлсэн. Үүнээс хойш анх аймагтаа шатрын 999 хүүхдийн наадмыг амжилттай зохион байгуулж урамшуулсан билээ.

Шатрын спортыг аймагтаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр шинэ Засаг дарга Д.Батсайхан бологоор дэмжин ажиллаж байна. Үүний нэг нь хүүхэд нэг бүрийг шатрын спортоор суралцах нөхцөл боломжийг нь бүрдүүлж 11000 хүүхдийг дэлхийн шатрын холбоонд элсүүлжээ. Эдгээр хүүхдүүдийн овог нэр, регистрын дугаар бүхий картыг хүүхэд бүрт гардуулан өгөх үйл ажиллагаа Завханд боллоо. Эдгээр хүүхдүүд нь энэхүү картыг ашиглан дэлхийн өнцөг булан бүрт суугаа шатар сонирхогч хэн бүхэнтэй онлайнаар тоглох боломжтой юм байна. Ийнхүү Завханы хүүхдүүд Монголдоо анх удаа дэлхийн мастеруудтай онлайнаар шатар тоглож шатрын спортыг сонирхон суралцах, мэдлэг дадлагатай болох боломж бүрдлээ.

Магадгүй Шатрын дэлхийн аварга ч Завханаас ахин төрөх боломж бий юм хэмээн албаныхан хэллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ