Х.Эрхэмбаяр: Номыг ойлгож уншвал зууны өмнө амьдарч байсан хүнтэй нэг цаг үед хамт байгаа юм шиг мэдрэмжийг өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-24 09:15:08

Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Хяргас сумын харьяат, сагсан бөмбөгийн спортын мастер, залуу уяач Хуягаагийн Эрхэмбаяртай уулзаж өвөлжилт болон Увс аймгийнхаа түүхт 100 жилийн ойд морьдоо хэрхэн бэлдэж байгаа талаар цөөн хором ярилцлаа.


-Сагсан бөмбөг тоглодог хүн яаж яваад уяач болчихов оо?

-Би Дархан хотод 10 жилийн сургуулиа төгсөөд, Дарханы сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин байлаа. Спортын мастер цолтой. Монголын үндэсний дээд лигт тоглож үзээгүй, бусдад нь тоглосон. Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн улсын аварга, бүх ард түмний спартакиад, өсвөр, залуучуудын улсын аварга зэрэг бүх тэмцээнд оролцож, олон медаль хүртсэн. Цагирган дээрээс хүртэл довтолдог тоглогч байлаа. Баруун хөлийнхөө чагтан холбоосонд бэртэл аваад дахиж сагсан бөмбөг тоглох боломжгүй болсон. Авто замын инженер мэргэжилтэй.

2009-2021 онд БНСУ-д хувийн жижиг карго ажиллуулж, айл нүүлгэн хөдөлмөр, мөнгөний үнэ цэн гэдгийг өөрийн биеэрээ мэдэрсэн. Хүний нутагт хөлсөө дуслуулж олсон мөнгөө хадам талынхаа хүнд алдчихаад дахиж хүний нутгийг зориод яахав гэж бодсон. Тэгээд миний зүрх сэтгэлд юу байна гээд эргээд харсан чинь адууны соёл, монгол эх орноо хайрлах, аав ээж, ах дүү нартайгаа ойрхон байх нь илүү чухал санагдсан. Энэ их өв соёлоо хадгалах, өвлүүлэх ёстой юм байна гэж бодоод эргэлт буцалтгүй моринд орсон доо. Моринд орох бас нэг шалтгаан нь би шантарсан, бухимдсан үедээ зааланд очиж тоглож тайвширдаг байсан бол тоглож чадахаа больсон тул мориноос энэ тайвширлыг авч байна даа.

Би багаасаа хурдан моринд дуртай хүүхэд байсан. Зүчээндээ уяаны хэдэн морио тэжээгээд, үржлийн адуугаа харж хариулаад зунд өглөө 6.30 гэж босоод мориныхоо ажилд ордог. Одоо бол 9.00 цаг гэж гараад л 17.30-18.00 цагийн үед гэртээ ордог. Дуртай ажил болоод ч тэр үү өлсөж цангах, ядрах зүйл ерөөсөө гардаггүй.


Би ном унших их дуртай. Номыг ойлгож унших юм бол зууны өмнө амьдарч байсан ч тэр хүнтэй нэг цаг үед хамт байгаа юм шиг мэдрэмжийг ном олгодог гэж сонсож байсан. Тэр ч утгаараа хөдөө янз бүрийн зүйлд сатаарахгүй ном уншихаа амьдралын хэвшил болгоод явж байна.


Хүн гадаад дотоод явж, юм үзэж нүд тайлах тусам улам даруухан болдог юм болов уу гэж боддог. Гадаадад амьдарч байхдаа хувцас, эд хөрөнгө, мөнгө төгрөг хэрэглээ гэдгийг ойлгосон. Хүний дотоод мөн чанар, эрүүл мэнд л чухал юм байна гэдгийг олж харсан. Гадаадыг бодвол Монголын амьдрал, цэвэр агаар, гал шиг халуун адуу энэ бүхэн хамаагүй илүү дээр санагдаж байгаа.

Ламд ном уншуулж хийморио сэргээж байснаас нэг сайхан хурдан хүлэг байвал энэ нь миний амьд хийморийн дарцаг гэж боддог. Өвөө маань: “Адуу чиний өмнүүр орж нэг л үхдэг амьтан. Адуунаас авах гол ашиг шим энэ шүү гэж хэлдэг байсан. Сайн морь эзнийхээ амийг нэг удаа авардаг гэдэг нь ийм учиртай юм билээ. Манай хамаатны нэг ах хоёр хурдан алаг морьтой байсан гэдэг. Нэг удаа хонио хариулаад явж байхад нь алаг морин дээр нь аянга буугаад үхчихсэн юм билээ. Тэгээд ламаас асуухад эзнийхээ амийг хааж явсан байна гэж хэлсэн гэнэ лээ. Энэ мэт олон сайхан түүхүүд сонсож байсан.

-Гадаадад олон жил амьдарсан хүн хөдөө мал дээр гарах амаргүй байна уу?

-Увсын ард түмэн найрсаг, цайлган хүмүүс учраас намайг сайхан хүлээж авсан. Өвөг дээдсийнхээ үүх түүхээр хурцлагдаж амьдарч байна даа. Миний нагац аав адуучин Цээлэй гэдэг хүн хангал соёолон морийг хонь шиг хойд хөл дээрээс нь татаж гаргаж ирээд тамгалуулчихдаг тийм бяртай, адуучин хүн байсан. Мөн нагац аавын хээр алаг гэж сумандаа 5 түрүүлж, 4 айрагдсан хурдан алаг морь байсан гэдэг. Тэр морийг 2024 оны аймгийн шилдгийн шилдэг азаргаар шалгарсан Хул халзан азарганы эзэн Эрдэнэдэлгэрийн аав Сэндэн гэдэг хүн унаж уралдуулдаг байсан талаар Дархан аварга Х.Баянмөнх номондоо дурсан бичсэн байдаг. Ийм л адуучин, уяач хүний анхны зээ хүү нь би юм. Авга талд ч уяа морь сонирхдог хүмүүс бий. Хоёр талын адуучин чанар надад өвлөгдөж ирсэн гэж бодож явдаг.


-Морь уяхад хөрөнгө мөнгө их шаарддаг. Энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Миний хувьд урд жилүүдэд өвс тэжээлээ худалдаж авдаг, ёстой л хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд явдаг байсан. Энэ жилийн хувьд Монгол улсын аварга тариаланч Самбуу захиралтай “Хархираан үр шим” ХХК-ийг худалдаж авсан. Нийтдээ 180 га-д тариалалт хийсэн. Эхний жилийн ургацаа аваад морь малаа тэжээсэн болохоор маш сайхан байна. Өөрийнхөө өвс тэжээлийг шийдэхээс гадна уяач, малчдадаа хямдхан өвс нийлүүлж байгаадаа баяртай байна.

Мөн сумдын фондод өвс худалдаж байгаа. Анхны жил гэхэд 3000 гаруй боодол өвс сумдын фондод өгч, хуурай ах дүү, найз нөхөд, уяачдадаа 2000 гаруй боодол өвс бэлэглэсэн.


Зөвхөн хадлан, тэжээл тариалж байгаа. Мөн Хяргас нуурын хөвөөнд жуулчны бааз байгуулахаар болж, 150 ширхэг мод суулгасан. Ер нь аль болох байгальд ээлтэй амьдрахыг хичээж байгаа.

Энэ жуулчны бааздаа сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулна. Монголын сагсан бөмбөгийн багуудын лого, эмблемтэй шалны цутгалтыг судалж байна. Болж өгвөл лигийн багийн нэрэмжит стандарт талбайтай болгоно. Тэр баг зуны бэлтгэлээ ирж хийнэ үү, бусад багууд ирж хийнэ үү хамаагүй, нээлттэй, манайд ирж амрангаа бэлтгэлээ базаадаг байхаар шийдэх хэтийн төлөвлөгөөтэй байна.

Бага байхдаа Майкл Жорданыг шүтдэг байлаа. Одоо дэлхийн 100 жилийн бөхийн од, Дархан аварга Х.Баянмөнхийг шүтээд байгаа. Энэ хүний хэлсэн “Бусдын сайн сайханд чин сэтгэлээсээ алга таш. Чиний хувь заяаны чинь шанага томорно гэдэг үгийг баримталж яваа.


-Хот, хөдөө хоёрын ялгаа их байна уу?

-Улаанбаатар хотод амьдрахад улам л хэцүү болоод байна шүү дээ. Хүний амьдралын гол зүйл эрүүл мэнд, үр хүүхэд өсөж торниход таатай орчин, цэвэр агаар, цаашдын үүх түүх үлдээх хэрэгтэй. Энэ бүхэн хөдөө л байна.


-Төрөлх аймгийнхаа 100 жилийн ойн баяраар олон айраг, түрүү авч сайхан наадаарай.

-Баярлалаа. Аймгийнхаа түүхт 100 жилийн ойд одтой сайхан наадахыг Увс нутгийнхаа нийт уяачдадаа хүсье. Мөн халхын сайхан уяачид миний багш шахуу зааж зөвлөдөг Тод манлай уяач А.Батсүх, Хэнтий аймгийн Манлай уяач Содном гуай, нийслэлийн алдарт уяач Ю.Гантөмөр, тод манлай Онон нарыг хүрэлцэн ирээсэй гэж урья. Бид бүхэн өргөнөөр хүлээн авах болно гэж уяачдынхаа нэрийн өмнөөс хэлье. Тод манлай Онон гуай бид хоёр хотод нэг байранд амьдардаг. Нэг удаа гэрийнхээ гадна ярьж сууж байгаад би таны шавь шүү гэсэн чинь яагаад гэнэ. Цахим орчинд таныг дагсаар байгаад гэсэн чинь инээгээд дураараа нөхөр үү, гүй юу гэж билээ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

  

Холбоотой мэдээ