ХӨВСГӨЛ: Чингүнжавын дурсгалд зориулсан эрхий хурууны хөшөө Арбулаг сумын нутагт бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Буурлын өвөр гэдэг газар 2000 онд Хотгойдын шадар ван Чингүнжавын дурсгалд зориулж нутгийн иргэд Эрхий хурууны дүрс бүхий хөшөөг босгожээ.
Гарын таван хурууны эрхий хурууг боржин чулуугаар товойлгон бүтээж, том дөрвөлжин бетонон суурин дээр суурилуулсан байна.
Суурийн нүүрэн дээр “Эх орон тусгаар тогтнолын төлөө Чингүнжав” гэсэн үгийг сийлж бичсэн байна. Хотгойдын Шадар ван Чингүнжавыг 1757 онд баривчлан Бээжинд аваачиж цаазаар авахад эх оронч сэтгэлтэй хүмүүс түүний эрхий хурууг нууцаар таслан авч, хадагт боон эх нутагт нь авчирч мөнгөн хайрцагт хийж оршуулан, дээр нь овоо босгосон гэдэг хууч яриа нутгийн ард олны дунд ам дамжин яригддаг.
Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн зэвсэгт бослогын гол удирдагчдын нэг бол Хотгойдын шадар ван Чингүнжав юм.
Монгол улсын түүхийн 4-р ботид "Манжийн ноёрхлын эсрэг цусны эцсийн
дуслыг зарах зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн" хэмээн
түүний үйл хэргийг үнэлсэн байдаг.