ЗАВХАН: Өвөлждөг шувуудыг ажиглах боломжийг "Тахь" эко жуулчны бааз олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-30 12:19:57

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд өвөлждөг ховор шувуудыг үзэх аяллыг хийж болно.


Тахийн уугуул нутаг Хомын тал нь Монгол орны “Олон улсын шувуудад чухал нэр бүхий 70 газар” (IBA)-ын нэг бөгөөд 140 гаруй зүйл шувуу энд бүртгэгдсэн байна. Реликт цахлай, борцгор хотон, цагаан сүүлт усны нөмрөг бүргэд зэрэг нэн ховор шувуудын нүүдэллэх, дамжин өнгөрөх чухал газар болдог.


Ялангуяа өвлийн улиралд бургасан шугуй болон зэгсэнд сүрэглэн өвөлждөг шувуудыг ажиглах боломжтой.

Байгалийн цогцолборт газрын шувуудыг ажиглах, судлах сонирхолтой аяллыг "Тахь" эко жуулчны бааз 2023 оноос эхлэн санал болгож байна. Ер нь шувуу ажиглалтын үеэр олуулаа явдаггүй. Хэрвээ олуулаа явах бол харах шувууны тоо багасдаг. Олуулаа ажиглалт хийвэл дуу чимээ их, шувууд амархан үргэчихдэг. Тийм учраас хол зайтай, ганц хоёроороо салж, ажиглах нь тохиромжтой байдаг. Шувуу ажиглахад 9:00 цагаас эхлэн ойролцоогоор найман цагийг зарцуулж ажиглалтын явцад 15-16 км алхдаг.


Хомын талын Бураагийн бургасан шугуйд дөлөн цэгцүүхэй, кэрдуэлис пламиэ, урьд нь улаан толгойт бужирга гэж нэрлэдэг шувууны амьдралыг эндээс үзэж болох юм. Өвлийн улиралд Хомын талд сүрэглэн өвөлждөг шувуу юм. Бужиргийнхан овгийн энээ шувуу нь Европ, Азид ихэвчлэн тархан нутагладаг. Биеийн урт 13.5-14 см ба нас бие гүйцсэн эрэгчин нь толгойн орой болон цээж хэсэгт улаан өдтэй. Эмэгчин, залуу шувууны цээж хэсэг нь цайвар өнгөтэй байна. Дөлөн цэгцүүхэй нь ургамлын үр, жимс болон шавжаар хооллодог.


Ургамал, шарилжаас харшлах байтугай үр нахиаг нь амтархан зооглодог дөлөн цэгцүүхэйн магнай дээрх улаан толбо, шовх шар хошууг ялгаж харваас түүнийг төвөггүй танина. Өдрийн цагт идэвхтэй хооллох үеэрээ хоолойн дахь нэмэлт уутанд зарим хүнсээ нөөцөлж, шөнийн хүйтэнд нөмөр бараадан амрахдаа өнөөхөө хэвж хонодог.


Мөн энд гангар хун (Cygnus cygnus), Алаг шунгаач (Bucephala clangula), хумхин бохио (Mergus merganser), цахиур бохио шувуу (Mergus albellus), зэрлэгшир нугас (Anas plathrynchos) зэрэг усны шувууд нь зарим жилд харз, задгай устай хэсгээр өвөлждөг. "Хомын талын тахь" ТББ-аас бэлтгэсэн "Хомын тал орчмын шувууд" гэрэл зурагт лавлахаас шувуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унших боломжтой юм.


Энэхүү номд Хомын тал орчмын суурин болон нүүдлийн амьдралтай нийт 141 зүйлийн шувуудын үндсэн шинж, амьдралын онцлогийн мэдээлэл гэрэл зургийн хамт багтсан. Уг лавлах нь монгол болон англи хэлээр хэвлэгдсэнээрээ онцлогтой гэж Хомын талын байгаль хамгаалагч О.Шийрав мэдээлэв. Тахийн эх нутаг Хомын тал нь Улаанбаатар хотоос 1400 км, Улиастайгаас 400 гаруй км юм. 


Дөлөн цэгцүүхэй нь Арктикийн бүс болон Сибирээс ирж Монголд мод буттай голын хөндий, уулын амаар нутаглана

Холбоотой мэдээ